Арван сарын өмнө 33 настай залуухан бүсгүй гурван балчир хүүхэдтэйгээ угаартаж өөд болсон. Үүний өмнөх хавар хоёр бяцхан хүүхэдтэй, дахин нэг залуу гэр бүлийн амьдралыг хар утаа тээрэмдсэн. Харин тэрний урд жил 70 настай хөгшин найман ач, зээгийн хамт угаартаж нас барсан юм. Уй гашуу, харамсал, өнчрөл, зовлон дагуулсан эдгээр “хар” үйл явдлууд тоонд хувирч статистик болчихоороо зүгээр л нэг мэдээ болоод, “томчуудын” чихний хажуугаар урсдаг нь нууц биш. Тэдэнд яг одоо айлчилж айсуй хортой өдрүүд түй ч хамаагүй. Сонгууль, албан тушаал, эрх мэдэлд шимтээд мөнгө улаан, нүд цагаан болчихсон улс.
Утаанаас биш, үнэндээ томчуудын ховдоглолоос болж 2023 оны байдлаар 3184 хүн угаартаж, 61 хүн нас барсан гэх мэдээлэл бий. Харин сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлогод 9009 хүн өртсөнөөс, 745 хүний амьдрал төгсжээ. 745 гэх энэ тоо данхар бүтэцтэй шинэ парламентыг зургаагаар үржүүлсэнтэй тэнцэхүйц олон гэсэн үг. Өөд бологсдын ажил явдал ч дуусч амжаагүй тэр ахархан хугацаанд төрийн байгууллагаас өгдөг тайлбар нь их энгийн бас амархан. Яндангаа хөөлөөгүй байсан, утаа мэдрэгчээ ажиллуулаагүй гээд л болчихдог.
ТОМЧУУДЫН ХОВДОГЛОЛООР БИЙ БОЛСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОРОЙТОЛ
Энэ оны нэгдүгээр сард ховдог дарга нарын өмнөөс ичиж, шаналж, аргаа барсан хоёр эмч Засгийн газрыг шүүхэд өгч, нөхөн олговор шаардаж байв. Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, “утаанд хордож, эмчилгээ хийлгээд сэхсэн мянгаар тоологдох хүмүүст байя гэхэд амиа алдсан 60 гаруй хүний ар гэрт төр засгаас ямар ч нөхөн төлбөр олгосонгүй. Энэ шударга явдал биш ээ” гээд хоолой зангирч байсан юм. Тэрээр салбарын мэргэжилтний зүгээс утааны улмаас, өөрөөр хэлбэл томчуудын ховдоглолоор бий болсон эрүүл мэндийн доройтол аль түвшинд хүрсэн тухай дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрээр, “Зөвхөн 2023 оны сүүлээр 0-5 насны 961, 0-1 насны 793 хүүхэд эндлээ. Эдгээр хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг мөн л амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Энэ бол зөвхөн нэг жилийн хугацаанд төрийн эс үйлдлийн уршгаар нас барсан хүүхдийн тоо. Сургууль, цэцэрлэг эхэлсэн цагаас ханиад тусч, эрүүл мэнд, санхүүгээр хохирсон тоог тооцвол явж өгнө. Тэдний ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлд бүр ч их анхаарал татаж байна” гэв.
Харин анагаах ухааны эрхзүйч, доктор Э.Ганбат ярихдаа, “Утааны улиралд хүүхэд бүр жилд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд нэг хүүхдэд 200-300 мянган төгрөг зарцуулдаг дундаж тооцоолол бий. Тэгвэл эцэг эхчүүд нэг хүүхдэд жилд 1-1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц нөхөн олговрыг 0-5 насны Монголын бүх хүүхдэд олгохыг шаардаж байна. Уг нөхөн олговрыг олголоо гэж тооцоход 440 тэрбум төгрөг болно. Энэ мөнгө хүүхдийн эрүүл мэндийг нөхөхгүй ч эрүүл амьдрах орчныг нь бүрдүүлж өгч чадаагүйн төлөөст төлөх ёстой. Нүүрсний хулгайн 40 их наядаас 100 дахин бага мөнгө. Мөн төр засаг 10 жилийн хугацаанд утааг бууруулахад нэг их наяд төгрөгийг зарцуулсан. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Хариуцлага хүлээсэнгүй” гэсэн юм.
У.ХҮРЭЛСҮХ БА УТААНД ЗАМХАРСАН 670 ТЭРБУМ ТӨГРӨГ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг хэрэглээнээс халаад, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, “Улаанбаатар хотын утаа 50 хувь буурлаа” хэмээн алга ташуулж, тууз хаачилж байлаа. Тэр болон түүний Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр батлуулж, 670 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Уг төсөвт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүд, автозам, түхий эд худалдан авах, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар тусгасан байдаг. Үүгээр дуусахгүй Улаанбаатарыг утаагүй болгохоор Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын тусламж авсныг сануулъя. Үр дүн нь ямар байгааг өнөөдөр та бид мэдэхийн дээдээр мэдэж, харахын дээдээр харж, үнэрлэхийн дээдээр үнэрлэдэг. Одоо яах вэ???