Сэтгэл зүйн асуудал, сэтгэцийн эмгэгээр “гангардаг” шинэ үеийнхэн гарч байна гэх шүүмжлэл мэргэжилтнүүдийн дунд бий. Тэгвэл бид сэтгэцийн эрүүл мэндийн талаар Реха Мед эмнэлгийн эмч Н.Оюу-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр сэтгэцийн асуудалтай гэхээр л галзуурсан, солиорсон гэж ойлгодог нь өрөөсгөл болохыг онцолж, маш нарийн нандин чухал зүйл гэдгийг санууллаа.
Энэ талаар цааш үргэлжлүүлэн ярихдаа, “Ковидын дараа сэтгэцийн эрүүл мэндийн талаар маш их ярьдаг болсон. Ковидын дараах сэтгэл зүйн өөрчлөлт их гарч ирсэн л гэсэн үг. Сэтгэцийн асуудал бол маш өргөн хүрээний ойлголт. F0-F9 хүрээний ICD-10-аар оношлогддог бүлэг өвчин бөгөөд бүгдээрээ өөр хоорондоо ялгаатай. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны судалгаанд, “мэдрэл сульдал” буюу архаг ядаргаанд оролцогчдын 70 хувь орсон байдаг. Архаг ядаргаа нь өөрөө стрессийн гол шалтгаан, сэтгэцийн эмгэгийн суурь болдог юм. Тийм учраас гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байх боломжтой.
Одоо л сэтгэцийн эрүүл мэнд гэсэн зүйл рүү бид шуурч эхэлж байна. Хүмүүс сэтгэцийн асуудлыг солиотой, “шар хадныхан” гэж хүлээж авдаг хандлага одоог хүртэл үргэлжилсээр байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бол маш нарийн нандин, чухал ойлголт.
Өсвөр үеийнхэн сэтгэл зүйн хямрал, сэтгэцийн эмгэгт өртөх болсон шалтгааны нэг нь сошиал хэрэглээтэй холбоотой. 1960-1970 оны шизофрени эмгэгтэй хүний тархи шиг одоогийн хүүхдийн тархи ажиллаж байна гэх судалгаа гарсан. Тэгэхээр хүүхдийн тархинд ирж байгаа мэдээлэл замбараагүй, шүүлтүүргүй болсон ба буруу зөвийг ялгахаа больсон. Янз бүрийн мансууруулах эмгэг, донгууд, айдсын эмгэг гэх мэт зүйлүүдэд өртөх нь элбэг. Шинэ төрлийн донгууд ч гараад ирчихсэн. Жишээлбэл мөрийтэй тоглоомын дон, шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодис, эмийн хамаарал гэх мэт асуудал нь сэтгэуийн асуудлын гол шалтгаан болж байгаа юм.
Сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?
Хүүхдийг төрөхөөс өмнө, эхийн хэвлийд байхаас эхлээд анхаарах ёстой. Бага насны хүүхдүүдэд яаж стрессээ тайлж сурахыг ойлгуулах чухал. Ингэхийн тулд томчууд энэ талаар маш сайн мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Боловсролын түвшинд ахиулахгүй бол мянга сайхан бодлого явуулаад нэмэр байхгүй. Сэтгэцийн эмгэг гэдэг бол нэг хүнийх биш гэр бүлийн өвчин байдаг. Жишээ нь гэр бүл д нэг хүн уурлаад эхэлбэл гэр бүл тэр чигээрээ тухгүй болно. Тайван болбол бүгдээрээ амгалан болдог. Тийм учраас сэтгэцийн асуудал бол нэг хүнийх биш гэр бүлийн цаашлаад нийгмийн асуудал. Тэгэхээр бид бие биенийгээ ойлгох, хайрлах, хамгаалах, сонсох гэх мэт энгийн зүйлээс сэтгэцийн эрүүл мэнд эхэлнэ.
Н.Мэнд-Амар