Уул уурхайн салбар олон эрчүүдтэй ажилладаг хүнд үйлдвэрлэлийн салбар. Гэхдээ шижигнэсэн залуусын хамтын бүтээлийн үр дүнд ололттой олон ажлын ард амжилттай гардаг.
Аж үйлдвэрийн хот буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ажлын анхны гараагаа эхэлсэн салбартаа тууштай хөдөлмөрлөж яваа уул уурхайн салбарын нэгэн төлөөлөл болчныг зочныг бид нэвтрүүлэгтээ урьсан юм. Тэрээр долоон хүнтэй уул уурхайн төслийн хэлтсээс эхлээд 700 хүнтэй баг, хамт олон болтол өргөжин тэлсэн төслүүдийн гол үйл ажиллагаан дээр хариуцан ажиллаж байжээ.
17 дахь жилдээ уул уурхайн салбарт ажиллаж буй Уул уурхайн ашиглалтын инженер О.Болор-Эрдэнийг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урин ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
– Үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Намайг Отгонхүүгийн Болор-Эрдэнэ гэдэг. 1985 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Уул уурхайн инженер мэргэжилтэй. Айлаас хоёулаа. Манай аав Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Эрдэнэбаатар гэдэг хүн байсан. Ээж маань Увс аймгийн Улаангом сумын харьяат Отгонхүү гэдэг хүн байгаа. Доороо нэг эмэгтэй дүүтэй.
Уул уурхайн инженер мэргэжлийг хүүхэд байхдаа, есдүгээр ангид анх сонгож байсан. Ерөнхийдөө Монгол улсын толгойлох, тэргүүлэх, хамгийн чухал, гол салбар юм байна. Энэ чиглэлийн төслүүд үр өгөөжтэй хэрэгжих юм байна гэдэг үүднээс ажлын байрны асуудал, инженер чиглэлийн мэргэжил, энэ дотроос уул уурхайн салбарын уул уурхайн инженер мэргэжлийг сонгон ШУТИС-ийн уул уурхайн инженерийн сургуульд элсэн суралцаж байсан.
-Ажил мэргэжлээрээ хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Одоо 17 дахь жилдээ ажиллаж байна. Анхны ажлын гараагаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхлүүлж байлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2009 оноос хойш 2018 он хүртэл 11 жил уул уурхайн ашиглалтын инженерээс эхлээд уул уурхай хариуцсан дэд захирал, хамгийн сүүлд тэргүүн дэд захирлын албан тушаалыг хашиж байсан. Долоон хүнтэй уул уурхайн төслийн хэлтсээс эхлээд 700 хүнтэй баг, хамт олон болтол өргөжин тэлэх төслүүдийг гол үйл ажиллагаанд дээр хариуцан ажиллаж байсан даа.
-Уул уурхайн салбар бол ёстой л цаг наргүй ажил. Ийм хүнд салбарт тууштай тасралтгүй ажиллахад гэр бүлийнхэн нь том түшиг тулгуур болж өгдөг байх?
-Уурхайн дарга байхад долоон хоногийн таван өдөр нь хээр, уурхай дээр байдаг. Хоёр өдөр гэртээ харьдаг. Сэлэнгийн Хүдэрээс Дархан руу явдаг. Дарханд амьдардаг байсан болохоор явдал суудал ихтэй байдаг байсан. Манай хань ижил , гэр бүлийн хүн маань арын алба буюу үр хүүхдүүдийг маань өсгөж бойжуулахаас эхлээд бүхий л арын албыг даадаг байсан. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай хоёр нь том. 14 настай, 12 настай. Сая 12 жилийн дараа ахиад нэг хүү мэндэлсэн байгаа. Манай гэрийн ганц аз жаргал, бид бүхний нийлдэг гол цэг нь тэр хүн л байна даа.
-Ажлынхаа хажуугаар хүн спортоор хичээллэх нь эрүүл мэндэд маш тустай. Таны хувьд хэзээнээс талбайн теннисний спортыг сонгон хичээллэх болов?
-Сууж ажилладаг ажилтай, хажуугаар нь энэ спортоор хичээллээд эрч хүчтэй, стрессээ тайлаад, дээр нь манай клубт дандаа гоё залуучууд байдаг. Багш нь хүртэл миний үеийн залуу, үе тэнгийн сайхан найз нарын нөхөрлөл энэ спортоор дамжаад ирж байгаа. Олон тамирчинтай болсон. Анхныхаа тэмцээнд орж үзсэн. Нэлээд авхаалж самбаа, хурд, хүч шаардсан спорт. Энэ спортоор хичээллээд сонирхогчийн тэмцээнд түрүүлж алтан медаль авсан. Бүх биеийн булчинг жигд ачааллуулдаг гэдэг утгаар нь талбайн теннисийг сонирхож орсон. Үндсэндээ хоёр жил гаран энэ спортоор хичээллэж байна даа.
-Уул уурхайн салбар нь улс эх орны хувьд маш онцгой салбар. Таны хувьд уул уурхайн чиглэлээр ашиглалтын технологи мэргэжилтэй юм байна?
-Уул уурхай ашиглалтын технологи мэргэжлээр бакалавраа төгсөөд ажлын байран дээр гарч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн уул уурхайн чиглэлийн төслүүд дээр ажилласан. Хоёр жил ажилласны дараа 2009 онд магистрт элсээд 2015 онд магистрын зэргээ хамгаалж байсан.
Уул уурхайн инженер гэдэг бол олон эрчүүдтэй ажилладаг, хүнд үйлдвэрлэлийн салбар. Тийм учраас зарчимч, тууштай, ажил хэрэгч байх нь зохимжтой юм болов уу гэж боддог.
-Төвийн бүсийн ирээдүйн чиг хандлагыг та хэрхэн тодорхойлох вэ?
– Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэл Төв, Сэлэнгэ аймагт илүү түлхүү байхад Дархан бол аж үйлдвэрийн төв хот. Манай төвийн бүсийн хувьд онцлог нь дэд бүтэц нэлээн хөгжчихсөн. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай гээд ийм олон салбар жигд хөгжиж байгаа. Үндсэндээ Монгол улсын голлох төв, зангилаа бүс гэж харж байгаа. Уул уурхайн бол түүчээлэгч гол салбаруудын нэг. Зайлшгүй хариуцлагатай уул уурхай гэдэг юмыг ярих хэрэгтэй. Мэдээж лиценз болгон уурхай болоод байх боломжгүй. Хариуцлагатай, тогтвортой уул уурхайн засаглал хөгжих нь Монгол улсын эдийн засагт томоохон үр нөлөөгөө өгөх төслүүд байгаа юм. Хойд бүсийг чиглэсэн тэр Дархан, Сэлэнгийн бүсэд төмрийн ордуудыг түшиглэсэн уул уурхай, металлургийн цогцолбор нь өөрөө маш том үр өгөөжтэй.Үүний эхлэл болох дэд бүтцийн төслүүд нь бүрэн хэрэгжээд дууссан. Одоо төмрийн хүдрийг дараагийн шатны буюу хайлуулах технологи сонгож, цогцолбор үйлдвэр байгуулснаар Дархан, Сэлэнгийн бүсэд 4000-5000 ажлын байр шинээр бий болох үндсэн концепц, зорилготой байна.
Ярилцсанд баярлалаа.