“Сайн байна уу” ярилцлагын энэ удаагийн зочноор Ардчилсан намын Дэд дарга, улс төрийн зөвлөлийн гишүүн Цагаан-Өвгөний Жадамбаа оролцлоо.
Сэрүүлэг сонинд “Памперстай Жадамбаа” гэж бичигдэж, улс төрийн гараагаа эхэлж байсан тэр 2008 оноос өнөөдрийг хүртэл олон хуулийн төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж, одоогийн цахим засгийн “аав” гэж хэлж болохуйц ТҮЦ машин хэрэглээнд нэвтрүүлэх эхлэлийг тавьж байжээ. Ц.Жадамбаа БНСУ-ын Сөүлийн их сургуулийг дүүргэж, “суусан газраасаа шороо атгана” гэдэг шиг сурч байхдаа “Shinseage Med” компанийн санаагаа олж, бизнесийн салбарт ч амжилттай яваа нэгэн. Өнөөдрийг хүртэл менежерийн үүрэг гүйцэтгэж байсан гэх түүний зарчим нь богино хугацаанд оновчтой шийдвэрийг хурдан гаргах юм. Түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Сайна байна уу, яриагаа таны хүүхэд насны талаар эхэлье. Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өссөн.
Өвөөтэйгөө насан өөд болтол нь хамт амьдарсан өвөөгийн хүүхэд. Өвөө маань намайг өргөж авсан хүн. Дөрвөн охинтой. Хоёр дахь охин нь багшийн их сургуульд явахад охиноо сургуульд нь явуулах гээд намайг өргөж авч байсан. Дөрвөн охинтой учраас намайг гал голомт сахих тав дахь хүүгээ болгон авсан гэдэг. Өвөөтэйгөө амьдардаг. Намар хичээл эхлэхээр ээж дээрээ очиж, Хэнтийн Бор-Өндөрт сургуульдаа явдаг. Амьдрал яг л нүүдлийн шувуу шиг өнгөрсөн дөө. Бушуухан хавар болж, бушуухан зун болоосой гэж хүлээдэг. Амралтын маргааш нь өвөө рүүгээ яаран явдаг хүүхэд байлаа.
Одоо амьдрал дээрээ харахад өвөө, эмээгийн хүүхдүүдийн давуу бөгөөд сул талууд ажиглагддаг. Давуу чанар нь хүний зовлонг яг өөрийн мэт олж хардаг. Бусдыг дотогшоо, чин сэтгэлээсээ хүлээж авдаг занд сурдаг юм билээ. Нөгөө талаас тэр зангаасаа болж зарим хүмүүст хулхидуулах ч юм уу, асуудлыг өөр шигээ бодож зарим зүйлд алдах үе гардаг. Ийм л давуу бөгөөд сул талтай. Гэхдээ алдахаасаа онох нь илүү байдаг учраас өвөө, эмээгийн хүүхдүүд харьцахад хүртэл шал өөр байдаг.
-Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
-Миний ажлын гараа 2004 оноос Улс төрийн боловсролын академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан гэдэг ажлаар эхэлж байсан. 2006 онд Глобал удирдагч санг үүсгэн байгуулж, 2006-2008 онд ажилласан. 2008 онд 25 настай Ардчилсан намын нарийн бичгийн дарга, улс төрийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Тухайн үед Сэрүүлэг сонинд “Памперстай Жадамбаа” гэж бичигдэж улс төрийн амьдралын гарааг эхэлж байсан. Ингээд 2008-2012 онд Ардчилсан нам ялж, тухайн жилүүдэд ялалтын менежер байсан. 2012 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргаар томилогдож, дөрвөн жил ажилласан. 2016 онд Сөүлийн үндэсний их сургуульд ажиллаж байсан чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалах буюу хоёр дахь мэргэжлээ эзэмшихээр явж, суралцсан. Сөүлийн үндэсний их сургуулийг мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжлээр төгсөж, 2018 монголдоо буцаж ирээд, өнөөдрийг хүртэл Shinseage Med компанийг үүсгэн байгуулж, бизнесийн салбарт хүч үзээд явж байна.
-Ажиллаж байх хугацаандаа юу хийж, ямар баялаг бүтээв?
-2012-2016 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байх хугацаанд шинэчлэлийн засгийн газартай бид хамтран маш олон шинэ төслүүдийг хэрэгжүүлж байсан. Үүний нэг нь ТҮЦ машин. Өнөөдрийн цахим засгийн суурь, аав нь гэж ойлгож болно. Гэхдээ үүнийг Жадамбаа сэдээд хийчихсэн юм биш. Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг Монгол улсад интернет гэдэг зүйл бий болсон байна. Анх интернет нэвтэрсэн тэр үеэс эхэлж мэдээллийн технологийн хөгжлийн түүх бичигдэж эхэлсэн. Ингээд шилэн кабел орж ирлээ. Шилэн кабелиа тавьж дууссаны дараа бүх хүмүүс интернет хэрэглэж эхэлсэн. Интернет хэрэглэж эхэлсний дараах процесс нь төрийн үйлчилгээг цахимаар авах хэлбэрт шилжсэн. Түүний эхлэлийг тухайн үеийн шинэчлэлийн Засгийн газрын үед бид тавьж, ТҮЦ машин хэрэглээнд оруулж байлаа.
Нэг үгээр хэлбэл, би одоо ТҮЦ машины Жадамбаа. Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн бизнест ч, улс төрд ч, төрийн албанд ч богино хугацаанд менежмент хийж явсан учраас өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлж байсан ажлуудаас тодорхой үр дүнгүүд гарсан. Өнөөдөр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын систем, замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцооны систем, Алтан булагаас эхлэлтэй 3G сүлжээ зэрэг ажлууд менежментээр л явсан. Сайн баг байсан. Сайн багийг юугаар удирддаг вэ гэвэл сайн менежментээр буюу хамгийн зөв шийдлээр удирдаж байж үр дүн гардаг. Амьдрах хэрэгцээгээ буюу өөртөө зарцуулах цагаа их болгохын тулд л асуудлыг богиносгоод байгаа юм. Нэг үгээр хэлбэл нэг асуудалд удаан төвлөрөх, хэт их цаг зарцуулахаас илүү асуудлаа гүн гүнзгий ойлгосон л бол хурдан шийдвэрлэж, менежмент хийж чадвал үлдсэн цаг таных. Яг үнэндээ хүн өөрөө цагийн менежментээ зөв хийж чадвал өдөрт 2-3 цаг гардаг. Тэр 2-3 цагт жишээлбэл би юу хийдэг вэ гэвэл нэг өдөр нь жюү жицү хийдэг. Нөгөө өдөр нь бодибюлдингээ хийдэг. Цаг алт болсон үе. Гэр бүлдээ, эрүүл мэнддээ, найз нөхдөдөө, бизнестээ зарцуулах цаг хэрэгтэй. Богино хугацаанд оновчтой шийдвэр гарга. Ингэхийн тулд суурь мэдлэгээ сайжруул. Асуудлаа судла. Асуудлаа мэддэг бай. Асуудлаа мэдэхгүй байж хурдан шийднэ гээд хөнгөн хуумгай шийдвэр гаргавал уналт руу л явна. Би үндсэндээ үр дүн нь тодорхой асуудалд шууд шийдвэр гаргадаг.
Би өнгөрсөн хугацаанд хэн байсан бэ гэвэл ихэнхдээ менежерийн үүрэг гүйцэтгэж байсан. Захирал, CEO гэдэг өөрөө менежер. Менежерийн буюу захирлуудын хамгийн чухал баримтладаг нэг л зарчим нь асуудлыг богино хугацаанд хурдтай, түргэн шийдвэрлэх. Асуудлыг хурдтай олж харах гэдэг амжилтын хамгийн гол, чухал үндэс байдаг.
-Та биеэ, гэрээ засаж амжсан уу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Миний том хүү Сөүлийн үндэсний их сургуульд буюу миний сурсан сургуульд энэ жилээс сурч эхэлсэн. Гурван охинтой. Гурван охины хоёр нь ЕБС, нэг нь цэцэрлэгт явж байна. Эхнэртэйгээ амьдраад 22 жил болсон. Миний гэр бүлийн амьдрал тогтсон. Би гэрээ зассан хүн. Би бизнесээ зах зээлд таниулсан. Өнөөдөр удирдаж буй хамт олон, сард цалин өгдөг ажилтнууд, улсдаа төлдөг татвар, банкинд төлж байгаа зээл гээд би өөрийгөө харьцангуй эх оронч хүн гэж үздэг. Эх оронч хүн гэдэг хариуцсан ажлаа зөв цагт нь хариуцлагатай хийж чаддаг, татвараа төлдөг, зарчимтай иргэдийг би эх оронч хүн гэж үздэг. Би өөрийгөө тэдний л нэг гэж хардаг. Энэ агуулгаараа би биеэ, гэрээ зассан.
-Та яагаад улс төрд орох болов?
Амьдралд олон зүйл үзлээ. Дарга байж үзлээ. Цэрэг ч байж үзлээ. Бизнест алдаж, онож үзлээ. Өвдөж үзлээ. Би 2020 онд хавдар гэдэг аюултай өвчнөөр гэнэт оношлогдож, Солонгос улсад эмчлүүлсэн. Тэр үед надад нэг л зүйл бодогдсон. “Хүүхэд их бага байна даа. Эхнэр маань их залуу байна даа. Цаашдаа яах бол” гээд л. Эр хүн тулсан газарт хэзээ ч өөрийгөө боддоггүй л юм билээ. Дандаа л үлдэж байгаа хүмүүсээ боддог. Тэр үед надад мэдрэгдсэн мэдрэмж, хамгийн чухал зүйл бол бүхнээс илүү гэр бүл юм байна. Тэр дундаа хажууд үлддэг хань л байдаг юм байна гэдгийг их сайн ойлгосон. Тийм учраас жаахан л илүү цаг гарвал гэртээ хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ байхыг л эрхэмлэдэг. Өнөөдрийн зорилго маань ч гэр бүлийнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө л явж байна. Яагаад гэвэл миний хүүхдүүд сайхан ирээдүйд амьдрах хэрэгтэй байна. Сайн орчинд өсөх хэрэгтэй байна. Яг үнэндээ бид зун болохоор утаагаа мартчихдаг. Гэтэл үнэндээ бид үхлийн хөндийд амьдарч байна. Маш их хүмүүс, хүүхдүүд өвдөж байна. Өрхийн орлого маш хүнд байна. Эдийн засаг хүнд байна. Энэ бүх үед ойлгож байгаа нэг хэсэг нь асуудлыг цэгцлэхийн тулд бодлогыг нь илүү тавьж, өшөө цааш нь хөгжүүлэхийн тулд оролцохоос өөр сонголтгүй гэдэг агуулгаараа л ингээд сууж байна.
Өнгөрсөн 34 жилийн хугацааг эргэн харахад АН ч, МАН ч ах нарын хамгийн том хийсэн алдаа нь парламентын засаглалыг үндсэнд нь байхгүй болгох түвшинд нь авааччихсан. Нэг үгээр хэлбэл иргэд парламентад итгэх ямар ч итгэлгүй болсон. Яагаад гэвэл парламентын гишүүн гэдэг зам тавьдаг, байшин барьдаг, хашаа буддаг, төсөв мөнгө шийддэг хүмүүс гээд ойлгуулчихсан. Тиймээс тайлан нь ч засаг даргын тайлан шиг. Сонгодог утгаараа парламентын гишүүн гэдэг хүн хашаа, байшин барьдаг хүн биш юм аа. Энэ хүн бол төрийн бодлого тодорхойлдог, хууль баталдаг, таныг төлөөлж санал өгч байгаа, таныг төлөөлж хуульд оролцож буй эрх бүхий субъект. Шинэ цагийн улс төрчдийн тухайд энэ сонгодог утгаараа парламентын засаглал буюу парламент гэдэг ойлголтыг бий болгоё. Парламентын гишүүн гэхээр авлигач эсвэл тэрбумтан болдог тогтолцоог арилгая гэж зорьж байна.