НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт: ХОТЫН РЕФОРМЫГ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН
“Хотын реформ” гэдэг сэдвээр ярилцъя гэдэг санал тавьсан байна. Сонирхолтой сэдэв санагдлаа, “Хотын реформ” гэж та юуг тодорхойлж байгаа вэ. Хотын асуудлуудын шийдэл үү?
-Тийм ээ, товчхондоо хотын асуудлуудын шийдэл. Монгол Улс нийслэл Улаанбаатар хотдоо засаглалын, тогтолцооны реформ хийх цаг нэгэнт болсон гэж үзэж байгаа юм. Өнөөдөр хотын асуудлуудын шийдэл, хот гэх ойлголт, хотын засаглалын асуудлуудыг бүхэлд хараад өөрийн ажилласан туршлагаас хуримтлагдсан болон судалсан судалгаа, мэдээлэлтэйгээ холбоод хамгийн оновчтой гаргалгаа буюу яагаад хотод реформ хийх шаардлагатай цаг нь болсон гэж үзэж байгаа талаараа ярилцъя гэж бодсон юм. Санал хүлээн авч ярилцахаар ирсэнд баярлалаа.
–“Хотын реформ” гээд шууд хэлэхээр бас л нэг тунхагийн шинжтэй сонсогдож байна. Яагаад ийм нэр томъёог гаргаж ирэв. Хотод реформ хийхийн тулд юунаас эхлэх ёстой вэ?
-Гэнэт л сонгууль дөхөөд гаргаад ирж байгаа сэдэв биш л дээ. Сүүлийн хоёр жилийн турш би энэ талаар ярьж, бичиж байгаа. Улаанбаатар хот маань засаглалын хямралд орчихсон, энэ нь ерөөсөө л тогтолцооны гажуудлын үр дүн. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого тодорхойлогчид буюу чиглэлийн төрийн байгууллагуудын удирдлагууд, улстөрчид зөвхөн өнөөдрийн хотын тулгамдсан асуудлуудын шийдлийг л яриад байгаа юм. Гэтэл Улаанбаатар тогтолцооны гажуудалд орчихоод байгаа тухай огт ярьдаггүй.
Миний хувьд 2012 оноос эхлээд дүүргийн иргэдийн төлөөлөгчөөс эхлээд удирдлагын төвшинд хүртэл ажиллаж үзлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2 удаа, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2 удаа сонгогдож, Дүүргийн Засаг даргын орлогчоор найман жил ажилласан байна. Хотын асуудал хаана гацдаг, төсвийн урсгал, эрх мэдлийн төвлөрөл хаана байна гэдгийг ойлгож мэдэх хангалттай туршлага хуримтлууллаа, би. Улстөрийн талаасаа ч бодлогын төвшинд ажиллаж байна. Сүүлийн хагас жил Нийслэлийн АН-ын даргаар сонгогдоод хотын түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүртээмжгүй байдал гээд хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх зөв, оновчтой шийдэл, төрийн бодлого юу байх юм бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд, гадаад, дотоодын судлаачид, эрдэмтдийн төлөөлөлтэй хамтраад баг болон судалгаан дээр ажиллалаа.
–Дүгнэлт нь юу байв?
-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх маш олон шийдэл, арга зам байна.Шийдэх төсөв ч хангалттай байна, мэргэжилтнүүд, боловсон хүчин ч байна. Харин энэ бүхнийг шийдвэрлэх хүсэл зорилготой, хүндээ ээлтэй хот байгуулах чин сэтгэлтэй удидлага л алга байна. Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь ажиллаж, амьдардаг эдийн засгийн хөгжлийн төв нь болсон нийслэл Улаанбаатар хот харамсалтай нь хөгжлөөрөө дэлхийн хотуудын сүүл мушгиж байгаа. Энэ бүхнийг залруулахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Хотын даргыг нэг намын Удирдах зөвлөлийн хэдэн хүн шийддэг, томилдгийг л болиулъягэж байгаа юм. Эрх мэдлийг хотын иргэдэд өөрсдөд нь өгье, иргэд л хэн хотын дарга байхыг шийддэг байг. Дэлхийн хотуудын ийм жишгээр тогтолцооны өөрчлөлт, реформыг хийх цаг яг одоо ирсэн байна.
-Хотын даргаар хэн байхыг иргэд шийддэг байна гэхээр дахиад л нэг сонгууль л нэмэгдэх хэрэг биш үү?
-Хотын засаглалын реформыг эхлүүлэхэд бодлого тодорхойлогчид эхлээд “ХОТ” гэх ойлголтоо зөв тодорхойлох, ойлгох шаардлагатай байгаа юм. Уг нь Үндсэн хуульд хот гэх ойлголтыг засаглалын хувьд ч, хэлбэрийн хувьд ч маш оновчтой тодорхойлсон байдаг. Харамсалтай нь бид 30 гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулийн энэ хот гэх үзэл баримтлалыгойлгоогүй, хэрэгжүүлээгүй явж иржээ. Статус, чиг үүргийн хувьд манайд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гэх статустай нэг хүнийг НИТХ-аас санал болгож, Ерөнхий сайд батламжилдаг процесс өнөөдрийн манай хуулиар хэрэгжиж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн 13-р зүйл, 57-р зүйл хэсгүүд дээр хот, нийслэл хоёрын ялгааг тодорхой заачихсан байгаа.
Нөгөө талаасаа урбанист, хот төлөвлөлтийн мэргэжлийн үүднээс бол “Хот нь өөрөө хүн ихээр төвлөрсөн, барилга байшин баригдаж, тээвэр, ус, дулаан зэрэг дэд бүтэц бий болсон суурьшмал бүс” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр хотын асуудал бол 100 хувь иргэдийн амьдрах орчны аж ахуйн ажил, инженерийн шийдэл байх ёстой.
Харин Нийслэл гэдэг бол газар нутаг, дэвсгэрийн хувьд зааж өгсөн засаг захиргааны нэгжийг хэлээд байгаа юм. Энэ нь баруун аймаг, төвийн нутаг гэдэгтэй адилхан газар нутгийн байршлаар нийслэл гэж нэрлэдэг засаг захиргааны нэгж. Нийслэлийн чиг үүрэг нь хүмүүс хоорондын хамтын амьдралын харилцааг зохицуулах үүрэг бүхий хууль, дүрэм журамыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажил голдуу явагдана. Ингээд харахаар Нийслэл, Хот гэдэг бол тэс өөр хоёр чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой субъект байгаа биз. Гэтэл одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хавсаргаад нэг хүн болгочихоор үндсэн иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчны ажлаа орхигдуулаад зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхайгаад байгаа юм.
Үндсэн хуульдаа заасны дагуу хот, нийслэл хоёроо зааглаад гажуудсан тогтолцоог засахын тулд яах аргагүй Хотын реформ хийх хэрэгтэй болчихоод байна.
–Магадгүй таны яриаг няцаах нэгэн өнцөг нь Улаанбаатар хотын захирагч гээд нэг хүн, нийслэлийн Засаг дарга гээд дахиад нэг эрх мэдэлтэн нэмэгдэх нь. Даргын тоо, сонгуулийн тоо л нэмэгдэх нь ээ гэж няцааж болохоор байна. Үнэхээр хотын хөгжилд нөлөөлөхүйц, зайлшгүй хийх өөрчлөлт энэ мөн гэж үү?
-Сонгуулийн оролцооны хувьд бол харин ч эсрэгээрээ, хамгийн өндөр ирцтэй сонгууль байна. Иргэдийн, Нийслэлчүүдийн өмнө нэн тэргүүний тулгамдаж байгаа асуудал өнөөдөр юу байна вэ? Иргэдийн амьдрах орчны асуудал л байна шүү дээ. Үүнийг шийдэх, шийдвэр гаргах даргыг иргэн өөрөө сонгох эрхээ хэрэгжүүлж сонгоно гэдэг бол ач холбогдлын хувьд хамгийн өндөр сонгууль байх болно. Сонгуулийн зардлын хувьд нийслэлчүүд хотын татвар гэж 2 хувийн нэмэгдэл татвар төлдөг, түүнээсээ тодорхой хэмжээний зардал гаргаад сонгох эрхээ хэрэгжүүлэх нь төдийлөн сөрөг зүйл биш. Би дахиад хэлье, энэ бол дэлхийн хотуудын хөгжлийн шийдэл, туршлага, жишиг. Нийслэл, хот гэх ойлголтыг салгаснаар төрийн байгууллага данхайх, даргын тоо нэмэгдэх асуудал огт байхгүй. Үүнийг задлаад тайлбарлавал эрх зүйн хувьд олон зүйлийг ярьж болно. Товчхондоо бол одоогийн байгаа бүтэц, байгуулалтыг чиг үүргээр нь салгаад, түүнд нь нийцсэн төсвийн хувиарлалтыг хийнэ ээ л гэсэн үг.
–Хариуцлага тооцох эрх нь бас л иргэдэд байна гэсэн үг биз дээ?
-Хотын реформыг хийх хамгийн чухал ач холбогдол нь тэр шүү дээ. Муу ажиллаж байгаа, иргэдийнхээ амьдрах орчныг анхаарахгүй байгаа хотынудирдлагуудтай хариуцлага тооцох эрх эргээд хотын иргэдэд өөрсдөд нь ирж байгаа гэсэн үг. Өнөөдрийн тогтолцоогоор бол хотын удирдлага, дарга нийт 1.6 сая хотын иргэдийн төлөөлөл, сонголт байж чадахгүй байна. Иймээс төлөөлөөгүй, сонгогдоогүй даргад иргэд хариуцлага тооцох механизм байхгүй, хариуцлага хүлээхгүй дарга бол ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй байдаг юм байна гэдгийг бид 30 жил тод томруунаар харлаа. Энэ хугацаанд иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирлоо. Энэ бүгдийг зогсоох цаг болсон.
–Улаанбаатарын хамгийн том бэрхшээл бол өнөөдөр утаа, түгжрэл болчихоод байна. Хотын реформ хийснээр энэ бүхнийг яаж шийдэх юм бэ?
-Үнэн, утаа, түгжрэл бол Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал мөн. Үүнийг шийдэх инженерийн болоод технологийн олон шийдэл бэлэн байгаа. Гагцхүү шийдье гэдэг сэтгэлтэй удирдлага л байхгүй байгаад хамгийн том бэрхшээл нь байгаа юм.
Нөгөө талаас хотын реформыг хийснээр зөвхөн тулгамдсан асуудалтай бус үндсэн суурь шалтгаантай тэмцье, асуудлыг угаар нь шийдье л гэж байгаа юм. Өнөөдрийн утаа, түгжрэл, хөрсний бохирдлоос гаднадэлхийн том хотуудын гол асуудал болоод байгаа “Дуу чимээний бохирдол” гэж хүний сэтгэц, мэдрэлд шууд нөлөөлдөг асуудал бидний хаалга тогшилгүйгээр ороод ирж байна. Өнөөдрийг хүртэл бид аливаа асуудлыг урьдчилан харж, тооцоолж арга хэмжээ авч чаддаггүйгээс болоод үргэлж асуудал бүрийнхээ араас явсаар ирлээ. Гажуудсан төрийн тогтолцооноос үүссэн чадваргүй төрийн балаг л даа энэ. Өнөөдрийн утаа, түгжрэл ийм нөхцөлд хүрээд байгаа нь гажуудсан төрийн тогтолцоо удаан үргэлжилсний илрэл эффект гэж үзэж байгаа юм, би хувьдаа.
Хэрвээ төрийн зөв тогтолцоо, иргэдийн хариуцлагын механизм ажилладаг байсан бол өнгөрсөн хугацаанд хотыг удирдсан дарга нар арай ч ийм болтол асуудлыг хүндрүүлэхгүй байсан байх гэсэн итгэл үнэмшил надад байна.
Төрийн байгууллага, төлөөллийн байгууллага гээд хотын байгууллагын шат бүрт нь ажиллаж байгаагийн хувьд “Хотын реформ”-ыг эхлүүлнэ.
–Та УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа. Хотод нэр дэвшигчийн хувьд Улаанбаатар хотын хөгжлийг ирэх 4 жилд яаж харж байна вэ?
-Залуу насныхаа оргил үеийн 12 жилд нийслэл хотынхоо бүх шатны байгууллагад ажиллаж байна би. Нийслэлчүүдийнхээ жаргал, зовлонг хамтдаа мэдэрч ажиллаж, амьдарч ирлээ гэхэд болно. Энэ хугацаанд өөртөө хотын асуудлыг бүхэлд нь ул сууриар нь, эрх зүйн орчны чадамжаар нь харах, хотын хөгжлийн бодлогыг бүхэлд тодорхойлох туршлагыг хуримтлууллаа.
Энэ хугацаанд үнэхээр “Хотоо гоё болгоё” гэсэн салбар бүрийн залуучуудтай ч хамтарч ажиллан баг бүрдүүллээ. Одоо зөвхөн өөрчлөлтийг хийх, эхлүүлэх хүсэл, зорилго надад болон манай багт, залуучуудад маань байна.
Хот гэдэг бол бүхэлдээ нэг цул, хүнээр яривал нэг хүн юм. Хүний бие организм яаж ажилладаг билээ, нэг дотор эрхтэн өвчлөхөд бусаддаа шууд нөлөөлж байдаг үүнтэй адил. Хотын хөгжлийг би 9 дүүргээр нь салгаад нэг дүүрэг хөгжилтэй байх, нэг дүүргийн зам сайн байх, нэг дүүрэг олон сургууль, цэцэрлэгтэй байх төдийхнөөр төсөөлөхгүй байгаа юм.
Тиймээс хотын хөгжлийн бодлогыг бүхэлд харж тодорхойлох, төлөвлөх, төсвийн зарцуулалтыг жигд хуваарьлах боломж, нөхцлийг бүрдүүлсэн засаглалын тогтолцоог бий болгохыг зорьж, хүсэж байна.
Хотоос сонгогдсон хууль тогтоох дээд байгууллагын төлөөллүүд тойрог малладаг төлөөлөл бус хотын иргэдийн эрх ашиг, амьдрах орчны асуудлыг нийт нь сайжруулдаг, тэр хууль эрх зүйн орчинг бүрдүүлдэг байх ёстой. Үүний төлөө л зорьж байна.
Хоёрдугаарт, Ирэх 4 жил Нийслэл Улаанбаатар хотын иргэд асуудлаас асуудлын хооронд, хүсээгүй, хүлээн зөвшөөрөөгүй даргаараа удирдуулж цаг хугацаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч зүхэж суудаг бус зөвхөн хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахыг зорьдог хот төлөвлөлт, хотын асуудлыг мэргэжлийн түвшинд харж, тооцож, төлөвлөж, удирдаж чаддаг жинэхэн төлөөллөө сонгодог тогтолцоо руу шилжиж “Хотоо гоё болгох” сонголтыг хийдэг болсон байна гэж харж байна.