Ярилцлагыг бүтнээр ЭНД дарж үзнэ үү
Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаараар эрх зүйч мэргэжилтэй, “Шинэчлэл-Эрин Үе” клуб, ТББ-ын тэргүүн Х.Болдмандалтай ярилцлаа. Хүүхэд насаа аавтайгаа хоёулхнаа туулж өнгөрөөсөн тэр багаасаа л амьдралд адтай, хэрсүү хүү болон хүмүүжжээ. Түүнтэй бид хүний мөн чанар хийгээд амьдралын утга учир, үнэт зүйлсийн талаар ярилцсан юм.
-Бидэнд цаг зав гаргасан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Халтарын Болдмандал гэж хүн байна. Эрх зүйч мэргэжилтэй. Сэлэнгэ аймаг, Тужийн нарс, Өргөн Сэлэнгэ, Орхон гол, Дархан, Төв аймаг гээд л хүүхэд насаа бадарчилж өнгөрөөсөн дөө.
-Их, дээд сургуулиа төгсөөд амьдралд хөл тавилаа гэж ярих нь олон. Таны амьдралын гараа хэзээ, хаанаас эхэлж байв?
-Миний амьдралын гараа цагдаагийн байгууллагаас эхэлсэн. Нөхөр Болдмандал ямар хэв загвартай бодь гал үүсгэж, бий болгож, ямар чиг шугамаар өөрийгөө авч явах ёстой вэ гэх үзэл хандлага маань яг цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд төлөвшиж бий болсон гэж боддог. Цагдаагийн байгууллагаас гарах болсон үндсэн зорилго бол өөрөө өөрийгөө эвдэхгүй гэж… Өнөө Болдмандал, Болдмандал биш болчих вий гэж урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагаас гарсан гэсэн үг.
ХҮҮХЭД НАСАА ААВЫНХАА ДЭРГЭДЭЭС ХОЛДОЛГҮЙ “БАДАРЧИЛЖ” ӨНГӨРӨӨСӨН ДӨӨ
-Сая бага насаа бадарчилж өнгөрөөсөн гэж ярилаа. Энэ тухай дэлгэрүүлээч?
-Миний бага насны амьдрал эрээнтэй, бараантай шүү дээ. Би аавтайгаа хоёулхнаа өссөн хүн. Сэлэнгэ аймаг, Тужийн нарс, Өргөн Сэлэнгэ, Орхон гол, Дарханы бүс нутгууд, Төв аймаг гээд бүгд миний багадаа туулж өнгөрүүлсэн амьдрал. Би арван жилийн сургууль төгсөх гэж долоо шилжсэн байдаг юм. Бадарчны амьдрал байгаа биз.
-Аавыгаа дагаад л яваад байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Аавтайгаа хоёулаа л яваад байгаа. Хоёр эр хүний амьдрал гэж хаашаа харсан эд байх вэ дээ. Гэхдээ л амьдарсан даа… Нэгдүгээр ангидаа ямар ч л байсан хонины элэг сүүлтэй шарж идээд сурчихсан байсан шүү.
-Хоёр эрэгтэй хүн амьдрах тийм амар зүйл биш байх. Нөгөө талдаа нэгнээ түшиж, биесээ гэх сэтгэл илүү бат бэх байсан болов уу?
-Хоёр биедээ нөмөр нөөлөг болохын тухайд үгээр илэрхийлшгүй. Одоо бодоход миний амьдралын суурь зарчмыг аав минь надад бүрдүүлж өгчээ. Аав минь эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа. Аль ч албан тушаалыг хашихдаа хурц шийдэмгий. Дээрээс нь шулуухан хэлдэг. Ямар сайндаа “Дошгин буурал” гэдэг нэртэй болох вэ.
ХУВИЙН АМЬДРАЛАА ХАЯЖ, НАСААРАА МИНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ААВЫГАА ӨРӨВДДӨГ
-Хүн бүрд өнгөрсөн цаг хугацаандаа эсхүл хангалттай хайрлаж чадаагүй гэх харамсал төрдөг байх. Та аавыгаа их ярих юм. Ийм бодол төрж байв уу?
-Үргэлж шүү дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам муу аавынхаа ачийг тун чиг муу хариуллаа гэж бодох юм. Уулыг өргөж, ус мөрнийг дагуулж авчраад ачийг нь хариулах юм шиг том зүйл сэтгэдэг бол залуу насны алдаа юм билээ. Зүгээр л тэр үедээ сэтгэлийг нь зовоох ямар нэгэн үг үйлдэл хийлгүй, дэргэд нь байж, дух хацар дээрээ өдрийн хэд ч байсан хамаагүй үнсүүлээд явж байх л хамгийн том ачийг нь хариулах хэлбэр байж дээ гэж сүүлд нь л ойлгох юм билээ.
-Хайртай л юм болохоороо өрөвдөх сэтгэл байдаг. Та аавыгаа өрөвддөг байв уу?
-Ид насандаа намайг авч гараад, өөрийн гэх хувийн амьдралаа хаяж, насаараа миний төлөө зүтгэснийг нь өрөвддөг юм. Их сонин шүү. Энэ хавар яагаад ч юм, аав минь зүүдэнд их орж ирж байна. Би тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээд байна л даа. Нэг их том лам хүнээр миний аав надад хэлүүлж байна аа. “Миний хүү, аав нь чамд маш их хайртай шүү” гэж…
-Нөгөө талдаа ээжээсээ хол өссөн бяцхан хүү их ганцаардлыг тээж өссөн болов уу гэж бодогдох юм.
-Бага байхад ээжийгээ санах, ах дүү нараа санах гэж айхтар зүйл байлаа. Би айлд л байж байдаг байлаа гээд ярьсан шүү дээ. Тэнд байхдаа зүгээр байхгүй хашааны орой дээр гараад суучихна. Урд зүг рүү хараад сууна. Тэнд ямар ч гэсэн миний үндсэн гэр орон, ээж ах дүү нар минь байгаа гэж мэдээд байгаа юм. Хэн ч миний төлөө миний ээжийг орлож, намайг халамжилж, намайг хайрлаж, тэр үйл үртсийг надад өгөхгүй учраас би өөрөө бүх зүйлийг залгуулах хэрэгтэй болж байгаа юм. Бусадтай харьцах харьцаа, бусдын эвийг олох, бусадтай хурдан танилцах зүйл дээр давуу байдал үүсэж байгаа юм. Би хаа газар очихдоо ямар ч байсан цагийн дотор хүнтэй ая эвээ олоод, танилцаад ажил төрлөө ярьчихдаг. Тэр бол миний амьдралд үзсэн хал гэдэг юм уу, тэрний эерэг тусгал байх гэж боддог.
ЯДАЖ ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙЖ ЧАДАХ ЮМ БОЛ ЭНЭ АМЖИЛТ
-Таны аав шударга байх зарчмыг өвлүүлсэн талаар та хэлсэн. Энэ үг томчуудын амнаас гарахаар худлаа санагдаад байдаг. Шударга байна гэж яахыг хэлдэг юм бэ?
-Өөрийгөө хуурна гэдэг бол шударга ёсыг гажуудуулагч болохын эхний шинж тэмдэг шүү дээ. Аман дээр гарч байгаа нь дандаа шударга ёсны төлөө байгаад байдаг. Хийж байгаа үйлдэл нь ил далд хэлбэрээр ямар нэгэн зохион байгуулалттай хууль бус зүйлд оролцоод байна гэдэг бол өөрийгөө хуурч буй л хэрэг. Шударга ёсыг хайгаад явбал олдохгүй юм байна. Олдох ч үгүй юм байна. Түүнийг тэмцэж бүтээх ёстой юм байна гэдэг ерөнхий ойлголттой байна. Ядаж өөртөө үнэнч байж чадах юм бол энэ амжилт.
-Таныг бүтээсэн түүх ийм байж. Эмэгтэй хүнтэй амьдарч үзээгүй өсөхөөр гэр бүл зохиоход багагүй асуудал тулгамдсан байх. Та эхнэрийнхээ тухай яриач?
-Тэгэлгүй яах вэ. Нэг авууштай нь гэрийн ажил, хоол унд хийх тал дээрээ эхнэрээ дагуулахгүй сайн шүү.
Миний ханийг Жанчивдоржийн Болормаа гэдэг юм. Одоо боловсролын салбарт ажиллаж байна. Бас нэлээн дориун, хурц, ааштай хүн шүү дээ. Эр хүн ноён нуруутай байдаг бол манай эхнэр ноён нуруутай хүн дээ. Үгээрээ биш үйлдлээрээ илэрхийлдэг хүнлэг байдал нь намайг цаг ямагт татдаг. Гэр бүлийг урт удаан аз жаргалтай байлгахын тулд эр хүн нь гэр амьтай, эхнэр хүн нь хүлээц, тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ хоёр байж урт удаан аз жаргалтай гэр бүлийн үндэс болох байх. Одоо ч юу юугүй залуу байх үе шиг хурдалж дуугарч, янз бүр болох шаардлага гарахгүй болсон. Амьдралын үнэт зүйл гэдэг бол эд мөнгөндөө биш. Албан тушаалдаа биш. Яг өөрийн чинь зохион байгуулж бүтээсэн халуун хэдэн амь, халуун хэдэн зүрх бүгд эрүүл, эсэн мэнд, эвтэй найртай амьдарч чадвал энэ гэр бүлийн үнэт зүйл болж байгаа юм.
ЗҮТГЭЭД ҮЗ, БОЛОХГҮЙ БОЛ ХҮЛЭЭ…
-Хүн бүрд “унах” үе бий. Таны өдий дайтай явж буй нь босох тэнхэлтэй байсныг илтгэх байх.
-Хүн долоо дордож найм сэхнэ гэдэг үг бий шүү дээ. Миний долоо нь хэзээ болох бол, найм дахь нь хэзээ бол гэж тоолох шахуу юм болно. Ер нь хүн бүр тэгдэг байх. Тэрнээс амьдралдаа би ганц удаа унасан. Хоёр дахь дээрээ боссон шүү гээд сууж байгаа хүн би үзээгүй. Ажил албан тушаалаасаа үндэслэлгүй чөлөөлөгдчихөөд арзайсан толгойтой хүн босож ирээд сууж байх эвгүй л байдаг юм. Тийм тохиолдол нэг бус удаа болж байлаа. Тэр болгоны ард би уначихсан амьтан. Хэвтээд байя аа гээд хажуулдаж болохгүй. Гутлаа тослоод зангиагаа зүүгээд гарна гэдэг шиг. Бодох хэрэгтэй. Тэр болгоны ард заавал нэг гарц гардаг. Айхтар том төрийн тушаалд дэвшиж, төмөр царайлж амьтан хүн айлгасан мангас шиг байх гэж зүтгээд хэрэггүй. Дэлхий даахааргүй баян болох гэж бухимдах хэрэггүй. Манай эрдэмтэн мэргэд, яруу найрагчид хэлдэг шүү дээ. Бүх юм өөрийн цаг хугацаатай. Зүтгээд үз. Болохгүй бол хүлээ.
-100 жилийн дараа амьдрал байхгүй юм шиг бодож ажилладаг асуудалд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ? Улс төрчид юуг чигээ болгож үргэлжлэх ёстой юм бол?
Өнөөгийн монголд яг наад асуудал чинь тулгамдаж байна. Гадна дотнын янз бүрийн нөхөдтэй эвсэж, орд баялгуудаа зарчхаад, сүүлд нь сүрхий номорхож, эшлэл айлдсан улсууд түгээмэл болчхоод байна. Тийм улсуудыг харахаар надад их хөөрхийлөлтэй санагддаг юм. Ирээдүй хойчдоо бүрэн бүтэн газар шороо, дундаас доошгүй хөгжлийн чиг хандлагатай улс орон үлдээх юм сан гэдэг бодол байна. Тэнд очиж тийм юмны дарга болох юм сан гэдэг бодлоос ангижирсан. Хий хоосон юм хөөж явдаг нас ч өнгөрсөн…