Өсвөр үеийнхэн буюу 15-19 насны 1000 охин тутмын 40 нь төрж, нийт жирэмслэлтийн 14.1 хувь нь үр хөндөлт хийлгэдэг гэх НҮБ-ын судалгаа байна. Харин Монгол Улсад жилд дунджаар 80 мянган төрөлт бүртгэгддэг. Үүнээс таван хувь буюу 4000 гаруй өсвөр насны охин жилд төрж буй юм. Өсвөр насны жирэмслэлт хийгээд төрөлт нь охидын сэтгэл зүй болон эрүүл мэндэд ямар хор уршигтай талаар бид мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Энэ талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Удвал, “Өсвөр насны охидын дунд жирэмсний болон төрөх үеийн хүндрэл үхлийн шалтгаан болох нь бий. Мөн хойч үедээ умайн хүзүүний хорт хавдраар өвдөх эрсдэлтэй. Сүүлийн үед өсвөр насны жирэмслэлт ихэссэн. Тэд эмнэлэгт найз нөхөдтэйгөө л ирдэг. Ээж аав нь мэддэггүй гэсэн үг. Гэнэт л гэдэс өвдлөө гэх шалтгаанаар ихэнх нь төрөх эмнэлгүүдэд очиж байна. Жирэмсэн болсноос мэдээгүй байдаг тохиолдол олон. Охид жирэмснээс хамгаалах аргаа огт мэддэггүй. Ганц мэддэг нь 72 цагийн эм. Гэтэл энэ эмийг тэгж олон уух ёсгүй. Бэлгийн хавьталд бэлгэвчтэй л орох ёстой гэдгийг 100 хувь ойлгох ёстой. Анх бэлгийн хавьталд орсноо ч мэдэхгүй байж болно. Бэлгийн хавьталд орсон гэдэг нь мэдэгдэхгүй, охин хальс нь битүү хэрнэ, хоёр гуяных нь завсар үрийн шингэн урсаад ороход жирэмсэн болчихдог. Өндгөн эс боловсорч байх үедээ хавьталд ордог гэсэн үг. Жирэмслэлтийн шалтгаан нь охидын найз хөвгүүн байхаас гадна, 20-30 насны залуус. Би салбартаа 30 жил ажиллаж байна. 12-14 насны охидыг ихэвчлэн ойр дотнын хүн, аавынх нь дүү, ээжийнх нь дүү гэх оюутан залуус, дэл сул байж байдаг ажилгүй эрчүүд жирэмслүүлдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй байгааг, хэн гэрт нь үлдсэнийг анхааралдаа авах чухал. Манай хүүхэд тэнэдэггүй, хичээлээ тараад шууд ирдэг атал жирэмсэн болчхож гэх аав ээжүүд цөөнгүй. Ийм хүнд нөхцөлд орсон охид бүх зүйлээ ил гаргаж ярьж чадахгүй. Айдас сүрдүүлэгт автсан байдаг” гэлээ.
Хүүхэд насандаа жирэмсэлсэн охидыг гадуурхах хандлага түгээмэл бий. Тэгвэл тэд яагаад эрт бэлгийн хавьталд орж, бие сэтгэлээрээ хохирч үлддэг шалтгааныг сэтгэл зүйч Б.Уянга тайлбарлалаа.
Тэрээр, “Өсвөр насны хүүхэд байж замбараагүй юм аа. Хүмүүжилгүй, хормой султай юм аа” гэж тэднийг томчууд шүүмжилдэг. Гэтэл тухайн охины сэтгэлд хайрлагдах, ойлгогдох хэрэгцээ л байсан. Өсвөр насны охидыг жирэмслүүлчхээд хөвгүүд яагаад зугтаад байна вэ гэх асуудал гарч ирнэ. Тэд хайртай хэрнэ айчихдаг. Аав ээж нь хүлээн зөвшөөрөхгүй учраас зугтаачихдаг. Ээж, аавуудын хувьд бэлгийн харилцаа, бэлгийн боловсрол гэх зүйлийг их хаалттай хүлээж авдаг сул талтай. Тэдний охин хэдэн залуутай үерхээд, замбараагүй гэж муулдаг. Яг үнэндээ томчууд өөрсдөө замбараатай билүү. Бодоод үзэх асуудал. Охид найз хөвгүүнтэй болсноо ээждээ эсвэл аавдаа хэлдэг. Тэгэхэд нь дийлэнхдээ “жирэмсэн болчхов” л гэж анхааруулдаг. Үүний оронд, “Сайн байна. Баяр хүргэе. Хангалттай сайн суралцаарай. Маш олон охид, хөвгүүд гарч ирнэ. Зарим нэг нь чамайг уйлуулна. Заримыг нь чи уйлуулна. Тэглээ гээд одоо сонголт хийх болоогүй шүү. Харин сайн туршлага хураагаад аваарай. Ирээдүйд чи аав, ээж болно шүү. Ирээдүйд… Хэцүү зүйл байвал аав, ээждээ хуваалцаарай” гэх ёстой. Ингэхийн оронд бид шууд хаалт үүсгэдэг нь тэдэнд нууцтай болох орон зай тавьж өгдөг. Юуг ч хорих хэрэггүй” гэсэн юм.