2023.02.10
“Барс” худалдааны төвөөр үйлчлүүлдэг олон нийтийн зүгээс, худалдааны төв орчмын бохир нөхцөлөөс үүдэн бухимдалтай байгаагаа илэрхийлж байгаа. Учир нь худалдааны төвийн хажууд хүмүүс бие засаж, энэ нь хөлдсөн бохир нөхцөлтэй байгаа юм.
Энэ талаар иргэд ярихдаа,
- Барс захын ойр орчим угаасаа их бохир заваан. Хүнээр цэвэрлүүлэх эсвэл, энэ хавийг засмал зам болгох хэрэгтэй. Орж ирэхээр л хүмүүс ил задгай бие засаад байж байдаг юм. Энэ заваан юман дээр үйлчлүүлэгчид алхаж явна шүү дээ. Хоол хүнсний зүйлээ цуглуулах гэж явсаар, нян бохирдол тээгээд л гэртээ очиж байгаа. Миний мэдэхийн энэ хавь байнга л ийм бохир байдаг. Би үүгээр олон жил явж байна.
- Ногоо, жимс , ус ундаа, гурил будаа , талх боорцог нь арай хямд байдаг болохоор энэ захаар үйлчлүүлдэг юм. Энэ бөөгнөрч хөлдсөн шээснүүд арай л дэндүү. Бие засаж байгаа хүмүүс нь ч тэр. Машиндаа юм ачиж байгаад халтираад унахад шээсэн дээр л унаж байна. Хамгийн сэтгэлгүй, харамч эзэнтэй нь Барс зах байх.
- Бие засаж байгаа хүн, байгууллага аль аль нь анхаарах хэрэгтэй. Цэвэр нямбай байвал хэн хэндээ хэрэгтэй. Барс, Нарантуул зах гээд үргэлж ийм байдаг газрууд байна. Хавар болж байна. Урин дулаан болохоор энэ бүгд нян л болно шүү дээ. Аль болох хөлдүү дээр нь цэвэрлээд янзлах юм бол үр хүүхдүүдийн маань идэж байгаа хүнс хоол аюулгүй байх юм.
Бид энэ асуудалтай холбогдуулан Барс худалдааны төвийн орлогч дарга М.Эрдэнэчимэгээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Барс зах дотроо хэдэн 00-той вэ?
-Манайх нэг 00-той.
-00 нь үйлчлүүлэгчдэд хүрэлцээгүй байна уу? Яагаад захын орчин тойрон ийм бохир нөхцөлтэй байна вэ?
-Манай захаас худалдан авалт хийж байгаа хүмүүс бүгдээрээ хогоо хаяж, шээгээд явдаг. Мэргэжлийн хяналтаас үргэлж ирдэг юм. Манайх ариутгалаа сайн хийдэг. Камер тавиад ямар ч бүтэмжгүй. Битүү шээс. Түүнийг нь цэвэрлээд л байна. Одоо ажиллах хүн хүч байхгүй.
-Ажиллах хүн хүчийг хэн бэлдэх ёстой вэ?
-Ажиллах хүн авъя гээд зар тавьж л байна. Хуучин хүмүүс нь дандаа тэтгэвэрт гарчихсан. Зуны улиралд үнэр танар нь айхтар болдог. Манайх долоо хоног тутам ариутгал хийдэг. Хөрсний бохирдлын асуудлаар мэргэжлийн байгууллагаас ч хүмүүс ирдэг. Ариутгал хийгээд нэмэр байхгүй. Зогсоолын хэсэгт, манайхан өөрсдөө үйлчлүүлэхдээ их бүдүүлэг. Барс ийм байна гээд хүнийг шүүмжлэхээ түрүүнд тавьдаг. Өөрсдөө соёлтой үйлчлүүлж чаддаггүй.
2023.02.10
ӨРӨГ.МН САЙТЫН СУРВАЛЖИЛГЫН МӨРӨӨР, БАРС ЗАХ ОЙР ОРЧМЫН БОХИРДЛОО ЦЭВЭРЛЭЖЭЭ
Барс захыг хүрээлсэн бохирдлын талаар бид өчигдөр сурвалжилсан. Ингэхэд тухайн худалдааны төвийн орлогч дарга М.Эрдэнэчимэг, тухайн бохирдлыг цэвэрлэх хүн хүч байхгүй гэсэн тайлбар өгсөн юм. Бидний сурвалжилга үр дүнгээ өгч, өнөөдөр олон нийтийн бухимдлыг төрүүлээд байсан ойр орчмын бохир хэсгүүдээ цэвэрлэж эхэлжээ.