Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Боловролын Үнэлгээний төвөөс мэдээллээ.
БҮТ-ийн дарга Л.Ганбат “Энэ жилийн хувьд Ерөнхий Боловсролын Сургуулийн 12 дугаар ангийн 35,485 суралцагч сурч, төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгдэж, ордог.
Өнгөрсөн жилүүдийн дунджаас харвал 5,000-6,000 орчмоор өмнөх оны шалгуулагч нэмэгддэг.
12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаас 1,000 орчим нь ямар нэгэн байдлаар шалгалт өгдөггүй гэдэг өмнөх жилүүдийн жишиг судалгаа бий. Энэ жилдээ 40,000 орчим хүүхэд ЭЕШ-д хамрагдах урьдчилсан тооцооллыг гаргаж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авдаг. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо нь 400 байдаг.
2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл эх хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг цахимаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл, ЭЕШ-ын бүртгэлтэй зэрэгцэн эхэлж байна.
Элсэлтийн шалгалтын дүн оноог олон улсын дүн оноотой дүйцүүлэх аргачлалд нарийвчилсан өөрчлөлт нэлээн орсон. Өөрөөр хэлбэл Кембрижийн олон улсын шалгалтууд, PTE, TOEFL, SAT, IELTS зэрэг шалгалтыг өгсөн хүүхдүүд тэрхүү оноогоо дүйцүүлж дотоодын их дээд сургуульд элсэн орох боломжтой.
Мөн дүйцүүлэх хүсэлтийг онлайнаар буюу 3.01-05.31 хүртэл БҮТ-ийн сайтаар хүлээн аван, 10 хоногийн хугацаанд багтаан Батламж хуудсыг олгоно” гэв.