ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөл Алексей Навальный шоронд хоригдож байхдаа нас барсан талаар албаныхан мэдээллээ. А.Навальный баасан гарагт алхаж байхдаа бие нь муудаж, ухаан балартсаныг шоронгийн ажилтнууд хэлсэн байна.
Эмнэлгийн тусламж ирсэн ч түүнийг аврахаас оройтсон байсан гэж албаныхан мөн мэдээлэв. Тэрээр 2021 онд хэт даврагч байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн хорих ял аван хоригдож байсан юм. Алексей Навальный нь ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч В.Путины бодлого, шийдвэрүүдийг шүүмжилдэг нөлөө бүхий улс төрийн активист байсан юм.
Тэрээр 2018 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх оролдлого хийж байсан ч хөрөнгө шамшигдуулсан хэргээр түүний нэрийг хасаж байжээ. Түүний нас барсан шалтгааныг одоо шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүний үхэлд В.Путин хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн ба ОХУ даяар олон иргэд жагсаж эхэлсэн байна. Одоогоор 100 гаруй хүнийг саатуулаад байгаа аж.