Өнөөдөр НИТХ тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаар тогтоох асуудлаар хэлэлцэж байна. Тэгвэл "Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ улсын бүртгэлийн дугаарыг хязгаарлах шийдвэрийг эсэргүүцэн жагсаж, энэ асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүллээ.
"Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-ын төлөөлөл:
-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өөрийн дэргэдэх санг байгуулж, тээврийн хэрэгсэлтэй холбоотой олон журам баталж, татвар хураах шийдвэр гаргаж байгаа. Мөнгө өгч, тусгай зөвшөөрөл авч байж таксинд явна, хөдөө орон нутгийн дугаартай машин хотод орж ирээд 48 цагаас дээш хугацаанд байвал татвар төлнө гэх мэтчилэн. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаар тавих нь тэр шийдвэрүүдийн нэг болж байна. Нийслэл доторх тээврийн хэрэгслийн тоог 730 мянгад барина гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлж байна. Одоогоор хот дотор хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо 713 мянга байгаа гэлээ. Бараг энэ ондоо 730 мянга хүрчихнэ. Тэгэхээр ирэх оноос хүмүүс улаанбаатарын дугаар авч чадахгүй бол аль нэг аймгийн дугаар авч таарна. Тэгээд хот дотор зорчихдоо байнга татвар төлөх үү? Энэ шийдвэрүүдээ өөрийн дэргэдэх сангаа баяжуулах гэж, нэг ёсондоо сонгуулийн мөнгөө бэлдэх гэж гаргаж байна уу гэж иргэн хүнийхээ хувьд хардаж байна
-Иргэд ихэвчлэн зээлээр машин авч байгаа. Машины зээл дээрээ нэмээд улсын бүртгэлийн дугаараа өндөр үнээр авна гэвэл иргэд машин авч чадахгүйд хүрнэ. Энэ шийдвэр эцэслэвэл иргэдэд ч, худалдаа эрхлэгчдэд ч дарамт үүснэ. Нийтийн тээвэр нь тохитой, хүрэлцээтэй байсан бол автомашины эрэлт багасна. Тэгэхэд нийтийн тээврийн асуудлаа шийдэж чадахгүй байж иргэдээ ингэж боож, дарамт үүсгэж болохгүй гэлээ.