Д.Трамп ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Хятадын олон зуун тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар дэлхийн хоёр том эдийн засагтай гүрний хооронд худалдааны ширүүн дайныг дэгдээсэн. Трампын засаг захиргаа анх 2018 онд Хятадын импортыг хязгаарлах зорилгоор татвар ногдуулж эхэлсэн байдаг. Тэр жилийн сүүлээр энэ бодлого нь далайн гаралтай бүтээгдэхүүнээс эхлээд химийн бодис хүртэлх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах байдлаар хэрэгжиж эхэлсэн юм. Харин АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа үнийг өсгөж, АНУ-ын өрсөлдөх чадварыг бууруулсан гэх шүүмжлэлийг үл харгалзан тарифыг үндсэндээ хэвээр нь үлдээх бодлого хэрэгжүүлж байгаа юм. АНУ-ын хувьд сүүлийн 20 гаруй жилийн турш Хятадын хамгийн том экспортын зах зээл байсаар ирсэн. Гэсэн хэдий ч АНУ-Хятадын эдийн засгийн харилцааг хязгаарлах нь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын зарим хууль тогтоогчдын дэмжлэгийг авч байгаа хэвээр байна. Саяхан Конгрессын танхимын хорооны тайланд Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмж, Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг зөвлөжээ.