Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ням гарагт болсон. Нийт есөн нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 50 ба түүнээс дээш хувийн саналыг аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт ирэх сард зохион байгуулагдахаар болжээ. Энэ сонгууль нь Финланд НАТО-д элссэнээс хойших анхны ерөнхийлөгчийн сонгууль гэдгээрээ онцлог. Финланд нь Шведийн адилаар олон зуун жил төвийг сахих байр суурь баримталж ирсэн ч 2022 оны 2-р сарын 24-нд Орос, Украины дайн эхэлснээс хойш Умард Атлантын Цэргийн Эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргаж, гишүүнээр элссэн байдаг. Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн шатны санал хураалт 2-р сарын 11-нд болох ба эхний шатанд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм. Саналын хуудсын 99 хувийг тоолж үзэхэд, Финландын ерөнхий сайд асан Александр Стубб нийт саналын 27.1 хувийг, гадаад хэргийн сайд асан Пекка Хаависто 25.8 хувийг авчээ. Александр Стубб нь консерватив үзэлтэй Үндэсний эвслийн намаас нэр дэвшиж байгаа бол Ногоон намаас нэр дэвшигч Пекка Хаавистогийн хувьд гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа аж.
Финландын ерөнхийлөгчийн сонгууль яагаад чухал вэ?
Хэдий Финландын ерөнхийлөгчийн эрх, үүрэг хязгаарлагдмал буюу бэлгэдлийн чанартай ч тус улсын ерөнхийлөгч улсынхаа гадаад бодлогын асуудалд чухал ач холбогдолтой байдаг. Тодруулбал, засгийн газартайгаа хамтарч гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлээ тодорхойлдог. Дээр дурдсанчлан өнгөрсөн оны 4-р сард Финланд улс НАТО-д элссэн тул өнөөгийн гадаад бодлогын асуудал нь нэн чухал байгаа юм. Финланд улс ОХУ-тай 1340 км-ээр хиллэдэг, харилцаа саатсан байдалтай байгаа билээ. Финладын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшсэн есөн нэр дэвшигч бүгд ОХУ-ын эсрэг чанга байр суурьтай байгаа юм.