Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээн дэх контент, богино бичлэгүүд эрчээ авахын хэрээр янз бүрийн бичлэг хийгдэх болсон. Эдгээр бичлэг дунд бага насны хүүхдийг хамруулсан, тэд насанд хүрэгчдийг дуурайсан бичлэгүүд ч их бий. Тиймээс арьс судлалын мэргэжилтнүүд бага насны хүүхдүүдээс элдэв гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн хол байлгахыг анхааруулж байна.
Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн нь насанд хүрэгчдэд зориулсан байдаг тул найрлагадаа хүчил гэх мэт химийн бодис ихтэй. Энэ нь бага насны хүүхдийн арьсыг гэмтээх эрсдэл өндөр ба харшил, арьсны үрэвсэлд хүргэдэг байна.
Хүүхдүүд тикток тренд дагаж, өнгөлөг сав баглаатай гоо сайхны бүтээгдэхүүнд амархан татагддаг тул тэдэнд зөв ойлголт өгөхийг Британийн арьс судлалын мэргэжилтнүүдийн холбооноос зөвлөжээ. Нэн ялангуяа, нүүрээ будаж, гадагш гарахдаа бэлэн болж буйгаа харуулдаг бичлэгүүд бага насны охидын анхаарлыг ихээхэн татдаг ба тэднийг дуурайхад хүргэдэг аж.