Энэ долоо хоногт БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Чой Сон Хуй ОХУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч В.Путин болон гадаад хэргийн сайд С.Лавров нартай уулзсан. Тэгвэл Ням гарагт БНАСАУ-ын тал ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсад айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг мэдэгдлээ. Ингэхдээ “аль болох ойрын хугацаанд буюу эрт” очихыг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ. БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл болох KCNA-д дурдсанаар “Ким Жон Ун удирдагчийн урилгыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин найрсгаар хүлээн авч, боломжит эрт хугацаанд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ” гэсэн байсан юм. БНАСАУ-ын гадаад хэргийн сайдын гурван өдрийн айлчлалын дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ бүх салбарт БНАСАУ-тай харилцаагаа хөгжүүлнэ” гэж мэдэгдсэн юм. Учир нь В.Путин болон Чой Сун Хуй нар хоёр талт харилцаа, Солонгосын хойгийн асуудал тэргүүтэй зарим аюулгүй байдлын асуудлуудын талаар санал солилцсон гэсэн юм. Мөн БНАСАУ нь ОХУ-ын хамтын ажиллагааны чухал холбоотон учраас “эмзэг салбарыг хамарсан” бүх салбарт харилцаагаа хөгжүүлнэ гэж Дмитрий Песков онцолсон билээ. Харин С.Лавров БНАСАУ-ын гадаад хэргийн сайдтай уулзах үедээ Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн бол Чой Сон Хуй өнгөрсөн оны есдүгээр сард болсон хоёр орны удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр тохирсон тохиролцоог чандлан биелүүлэхээ амласан юм.