АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн том охин Малиа Обама анхны богино хэмжээний кино болох “The Heart”-ыг “Sundance” кино фестивалд танилцууллаа. Түүний шинэ кино ээжийгээ алдсан залуугийн тухай өгүүлэх ба ганцаардал, уучлал, харамсал зэрэг хүний мэдрэмжүүдийг хөндсөн кино аж. Обамагийн гэр бүлийнхний хувьд кино урлагт хайртай, дэмждэг гэдгээрээ хэдийн танигдсан. Тухайлбал, эцэг эх Обама нар өөрсдийн компани болох “Higher Ground Productions” болон Нетфликсийн хооронд гэрээ байгуулсан ба энэ нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Leave the World Behind” кино тэргүүтэй хэд хэдэн төслийн ард амжилттай гарсан юм. Түүнчлэн энэ гэрээний хүрээнд амжилттай хийгдсэн баримтат кино болох “Working: What we do all day” кино нь Барак Обамаг Эммигийн шагнал гардуулах ёслолоос шилдэг өгүүлэгчийн шагнал хүртэхэд хүргэсэн юм. Харин Малиа Обамагийн “The Heart” кино Sundance наадмын богино хэмжээний киноны 1-р хөтөлбөрт гарч байгаа юм байна.