БНАСАУ-д кдрама үзсэнийхээ төлөө өсвөр насны хоёр хүү 12 жилийн хүнд ажил хийх ял сонссоныг BBC-ийн цацсан бичлэг харуулж байна. Тус бичлэг нь 2022 онд хийгдсэн байх өндөр магадлалтай байгаа ба 16 настай хоёр хүү олон зуун сурагчдын өмнө гарандаа гавтай байгаа нь харагджээ. Мөн дүрэмт хувцастай офицерууд хөвгүүдийг "алдаагаа гүнээ эргэцүүлээгүй" гэж зэмлэж байгаа нь харагдаж байна.
БНСУ-ын үзвэр үйлчилгээ, телевизийг үзэхийг умардад хориглодог. Гэсэн хэдий ч дэлхий даяар асар их нэр хүндтэй БНСУ-ын цуврал кинонуудыг өсвөр насныхан үзэх хандлага их байна. БНАСАУ тус улсын талаар өгүүлэх гэрэл зураг, видео болон бусад нотлох баримтыг гадаад ертөнцөд дамжуулахыг хориглодог тул ийм төрлийн бичлэг задарсан нь ховор үйл явдал болж байгаа юм.
Харин уг бичлэгийг умардаас зугтсан, урвасан иргэдтэй хамтарч ажилладаг нэгэн судалгааны хүрээлэнгээс ВВС-д өгсөн аж. Энэ бичлэг эрх баригчид дээрх шиг үйл явдалд илүү хатуу арга хэмжээ авч эхэлснийг харуулж байна гэж БНСУ-ын хэвлэлүүд онцолж буй.
Уг бичлэгийг умардад үзэл суртлын боловсрол олгох, иргэдэд "ийм төрлийн бичлэг" үзэхгүй байхыг сануулах зорилгоор дотооддоо тараасан байна. Тухайлбал, бичлэгт төрийн суртал ухуулгыг нэгэн өгүүлэгч давтаж уншиж байгаа юм. Үүнд "Ялзарсан дэглэмийн соёл өсвөр насныханд хүртэл тархсан байна. Тэд дөнгөж 16 настай, гэхдээ тэд өөрсдийн ирээдүйг сүйрүүлсэн" гэж дурджээ.