
Францын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе Швейцарын спорт хувцасны On брэндтэй гэрээ байгуулжээ.
On брэнд өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ 27 настай Мбаппе On брэндийн олон улсын элч болж, тус брэндийн бүтээгдэхүүнүүдийн менежментэд гар бие оролцоно гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн On брэнд Францын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч асан, Английн Премьер лигийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Тьерри Анриг Хөлбөмбөг хариуцсан захирлаар томилж буйгаа мэдэгджээ.
Францын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн ододтой хамтран ажиллах болсноо зарласнаар On брэнд Adidas, Nike брэндүүдийн олон жилийн турш ноёрхсон хөлбөмбөгийн спортод салхи татуулан орж ирж буйгаа мэдэгдлээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан рекордыг эзэмшигч Мбаппе On брэндийн гаргах хөлбөмбөгийн гутал хувцаснууд, тэр дундаа Lightspray технологи ашиглан роботын тусламжтай бүтээх гутлын хөгжүүлэлтэд оролцох аж.
2019 онд газрын теннисний домогт тамирчдын нэг Рожер Федерер On брэндийн хөрөнгө оруулагчдын нэг болсноор уг брэнд олонд танигдаж, бүтээгдэхүүнүүдийнхээ төрөл зүйлийг нэмэгдүүлж гүйлтийн пүүзнээс гадна бэлтгэлийн болон газрын теннисний пүүз үйлдвэрлэх болсон юм.










