Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнийг Парисыг зорих тийзээ өвөртөлсөн МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар өнжинө. Харин тэд Дэлхийн чансааны эхний цуврал Загребийн нээлттэй тэмцээн оролцохоор Хорват улсыг зориод байгаа билээ. "Загреб опен" тэмцээн энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд болно. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд оролцох Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нар зорьсон юм.
Эрэгтэйчүүдийн 61 кг-д оролцох Гавьяат тамирчин Э.Бэхбаярын хувьд АНУ-аас тэмцээндээ шууд очихоор төлөвлөжээ. Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа хоёр олимпт өрсөлдөхдөө зоо толгойлох боломжийг ахиулахын тулд "Загреб опен" хэмээх энэ оны эхний чансааны дэлхийн календарьт байдаг тэмцээнд оролцож байгаа нь энэ юм.
Баг тамирчдадаа амжилт хүсье!