Буриад зон олны өв дамжиж ирсэн уран бүтээл, үүх түүх гажуудах эрсдэлд ороод байгаа талаар Буриад зон олны төлөөлөл мэдээлж байна.
Тодруулбал дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар Буриад ардын дуу “Холо лэ байна” дууг шинэчлэн, “Хадын оройгоор” гэж нэрлээд орчин үеийн хэв маягт оруулан дуулахдаа, бүтээлийн амин сүнсийг эс ойлгож, агуулгыг өөрчлөн дуулсан нь Буриад зон олны бухимдлыг төрүүлээд байсан юм.
Энэ талаар ярихдаа, “Дэлбэрсэн юм шиг санагдаж байна. Дууны утгыг ойлголгүй ингэж дуулсан нь бидний шархыг хөндсөн асуудал. Ижий минь олны дунд дуугүй явахыг зөвлөсөөр өсгөж ирсэн. Гэвч энэ үйл явдал бидний тэвчээрийг алдууллаа. Бид “Холо лэ байна” гэх дууг сонсохоор л уйлчих гээд байдаг. Бидний аав ээж, эмээ өвөө минь жалганд буудуулж амиа алдсан хар үйл явдыг эс ойлгож, ийм байдлаар дуулж болохгүй. Энэ түүхэн хар үйл явдлыг ард түмэн, тэр тусмаа урлагийн хүмүүс яагаад мартав аа.
Энэ дууг дуулсан залуу дуучдад нэг талаараа талархаж байна. Гэвч яг тэр утгаар нь дуулсан бол олон зүйл ярихгүй байсан. Утга нь тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Үндэстэн, ястангуудад эрхэмлэж явдаг зүйл гэж бий. Бид хэн байгаад, хэн болоод явж байгаа билээ. Тийм байхад ёс заншлыг минь эвдэж байгаад эмзэглэж байна” гэв.