Энэ онд дэлхий дахинаа 60 гаруй улсад сонгууль болно. Үүнийг эхлүүлж 1-р сарын 13-нд Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Эл сонгууль Тайвань-Хятадын харилцаанд чухал нөлөө үзүүлэхүйц, Тайванийн ирээдүйг ч шийдэх боломжтой сонгууль гэдгийг шинжээчид хэлж буй. Геополитикийн асуудлаас гадна Тайвань дотооддоо бага цалин, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт зэрэг эдийн засгийн томоохон асуудлуудтай тулгараад байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Цай Инг Вэн хэдийн хоёр удаа сонгодсон тул энэ удаа дахин сонгогдох боломжгүй юм. Харин дараах гурван эрхэм Тайванийг засаглахаар өрсөлдөж байгаа аж.
- Лай Чин Тэ
Эрх баригч “Ардчилсан Дэвшилтэт нам”-аас Лай Чин Тэ өрсөлдөж буй. Тэрбээр өдгөө Тайванийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг нэгэн. Бусад хоёр өсрсөлдөгчөөсөө багахан оноогоор тэргүүлж буй тэрбээр Тайванийн тусгаар тогтнолыг хүчтэй дэмжигч нэгэн. Товчхондоо, Цай Инг Вэний бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн үг. Өдгөө 64 настай Лай Чин Тэ нь өөрийгөө Тайванийн тусгаар тогтнолын төлөөх зүтгэлтэн ч гэж тодорхойлж байсан удаатай. Түүнийг Хятадын төрийн мэдлийн Global Times сонин Хятадын салан тусгаарлах хуулийн дагуу яллах хэрэгтэй ч гэж мэдээлж байсан тохиолдол бий. Харвардын их сургуульд эрүүл мэндийн чиглэлээр боловсорсон тэрбээр 2010 оныг хүртэл эмчээр ажиллаж байж. Харин 1990-ээд оны дунд үеэс төрийн албанд ажиллаж, 2010 онд Тайнан хотын захирагчаар сонгогдсон байна. Өнгөрсөн оны 6-р сард Bloomberg-т өгсөн ярилцлагынхаа үеэр тэрбээр “Хятад, Тайвань хоёр дайсагнах шаардлагагүй. Бид Хятадыг Тайвань шиг эрх чөлөөтөй, ардчилсан байгаасай л гэж хүсэж байна” гэж байсан юм. “Тайванийн олон нийтийн санаа бодлын сан”-гаас гаргасан судалгаагаар Лай Чин Тэ нь өрсөлдөгч Гоминданы намын Хоу Юйгээс ердөө 1 хувиар л тэргүүлсэн үзүүлэлттэй байна.
- Хоу Юй
Гоминдан намаас нэр дэвшигч Хоу Юй нь өдгөө 66 настай. Тэрбээр цагдаа байсан туршлагатай нэгэн. Хоу Юй улс төрийн салбарт 2010 онд орсон ба 2018 онд Шинэ Тайбэй хотын захирагч болсон. Улмаар 2022 онд дахин сонгогдсон байдаг. Цагдаагийн ажлын туршлага хийгээд Шинэ Тайбэй хотын захирагчийн нэр хүнд нь түүнийг Хятадтай харилцаагаа хэвийн байлгахыг эрмэлздэг Гуоминданы намаас нэр дэвшигч болоход нь хамгийн ихээр нөлөөлжээ. Ардчилсан Дэвшилтэт намаас ялгаатай нь Гуоминданы нам нь Тайванийн тусгаар тогтнолын эсрэг байдаг аж. Тэрбээр “Тайванийн хоолойн хоёр талын харилцааг ойлгоход их хялбар. Энэ харилцаа БНХАУ-ын үндсэн хуулиар тодорхойлогдоно” гэж хэлж байсан удаатай. Гэхдээ энэ удаагийн кампанит ажилдаа Хоу Юй нь Хятадын талаар тийм ч их цухуйлгахгүй байгаа. Мөн өнгөрсөн оны 6-р сард Бээжинд болсон нэгэн форумын үеэр “Нэг Хятад” бодлогын талаар асуухад тэрбээр бултсан байдаг. Энэ мэтчилэн тодорхой бус байдал нь түүнийг олон нийтээс шүүмжлэл дагуулахад хүргэж байгаа юм.
- Кэ Вэнжэ
Төвч үзэлт Тайванийн Ардын намаас 64 настай Кэ Вэнжэ өрсөлдөж байна. Тус намын дарга тэрбээр залуучуудаас хамгийн өндөр санал авах магадлалтай гэж хэвлэлүүд үзэж буй. Гэхдээ шинжээчид түүнийг өмнөх хоёр өрсөлдөгчөө давахгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Өмнө нь эмчээр ажиллаж байсан туршлагатай тэрбээр 10 жилийн өмнө улс төрийн карьераа эхлүүлсэн байна. 2014 онд Тайваньд болсон оюутны “наранцэцэг” хөдөлгөөнийг дэмжиж байсан тэрбээр тухайн цаг үеэс л залуучуудын дунд нэр хүндтэй болж эхэлжээ. Энэ хөдөлгөөн нь Хятадын Тайвань дахь нөлөөллийн эсрэг байсан юм. Төд удалгүй мөн Тайбэй хотын захирагчаар сонгогдсон байдаг. Харин энэ хугацаандаа Хятадтай, тэр дундаа Шанхай хотын захиргаатай харилцаагаа сайжруулсан байна.