"Парис 2024" зуны олимпын XXXIII наадам эхлэх мөч ойртсоор байна. Олимпын наадам эхлэхэд ердөө 204 өдөр үлдлээ. Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд Үндэсний шигшээгийн тамирчдыг "дэмжих баг"-ийг дөрвөн чиглэлээр ажиллуулж эхэлсэн. Тодруулбал:
-Спортын сэтгэл зүй
-Хоол зүй
-Дасгалжуулалт
-Анагаах ухааны гэсэн чиглэлээр дэмжих баг ажиллаж байгаа ажээ.
Одоогийн байдлаар байт харвааны төрөлд ОУХМ Б.Отгонболд, дугуй ОУХМ С.Жамбалжамц, боксын эмэгтэйчүүдийн төрөлд О.Есүгэн, чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс ОУХМ Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, буудлага спорт урт бууны төрөлд О.Есүгэн нар олимпыг зорих эрхээ авснаар нийт зургаан эрх албан ёсоор баталгаажаад байна. Мөн пара байт харвааны хосын төрөлд эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар эрхээ аваад байгаа билээ. Ингээд бид олимпт бэлтгэж буй Үндэсний шигшээ багийн тамирчид дээр ажиллаж байгаа "дэмжих баг"-ийг гардан ахалж буй Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигтай ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Олимпт бэлтгэж буй Үндэсний шигшээ баг дээр ямар чиглэлээр хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна вэ?
25 хүний бүрэлдэхүүнтэй баг 250 гаруй тамирчинтай ажиллаж байна
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг
2023 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндэсний шигшээ багт дэмжлэг үзүүлэх дөрвөн багийг гарган ажиллуулж байна. Энэхүү дөрвөн баг маань спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний удирдлага дор нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Ямар ямар баг ажиллаж байна вэ гэхээр
Спортын сэтгэл зүйн баг, спортын хоол зүйн баг, спортын дасгалжуулалт, спортын анагаах ухааны баг гэсэн хүмүүсийн 25 хүний бүрэлдэхүүнтэй, үндэсний шигшээ багийн 250 гаруй тамирчин, дасгалжуулагч нарт үйлчилгээ, мэргэжлийн туслан гүйцэтгэх, зөвлөгөө дэмжлэг үзүүлээд явж байна.
"Дэмжих баг"-ийг яг хэзээнээс ажиллуулж эхэлсэн бэ? Мэдээж үр дүнгээ өгөх нь чухал байх?
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг
Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гол үйл ажиллагаа буюу үндэсний шигшээ багийн бэлтгэл цугларалт болон тэмцээн уралдаан, онлайнаар мөн үечилсэн байдлаар үзэж ажиллах, ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн 09-р сарын 01-нээс 12-р сарын 31-нийг дуустал энэхүү дөрвөн баг маань үндэсний шигшээ багийн төрлүүд дээр төлөвлөгөөт мониторинг, хяналт, судалгаануудыг хийж эхэлсэн. Тэгэхээр мониторингийн дүгнэлтэн дээр үндэслэж олимпт бэлтгэх багууд болон тамирчдаа хэрхэн бэлтгэх вэ, хоол зүй гэхэд л сургалтын үеэр ямар хоол идэх вэ, Европын тэмцээний үеэр ямар хоол хүнс хэрэглэх вэ, жингээ хэрхэн буулгах вэ гэх мэтчилэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хийгдээд явж байна. Судалгааны ажлыг ганц нэг хүн бус олон мэргэжлийн хүмүүс нэгдэж нэг баг болж хамтран явуулдаг. Бид үр дүнгээ харахын тулд зохион байгуулалттай, зөв зарчмаар ажиллахыг хичээж байгаа гэдгийг хэлмээр байна.
"Дэмжих баг"-т ямар туршлагатай хүмүүс ажиллаж байгаа вэ?
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа маань бол тодорхой байдаг. Спортын эрдэм шинжилгээ болон спортын сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хүрээнд спортын сэтгэл зүй, спортын хоол зүй чиглэлээр багууд дээр ажиллаж буй хүмүүс маань багагүй жил ажилласан туршлагатай, өмнө нь олимпын циклд тамирчдыг бэлтгэж байсан ийм туршлагатай хүмүүс бий. Тухайлбал "дасгалжуулалт баг" дээр Ч.Насантогтох багш ажиллаж байна. Өмнө нь Токиогийн олимп дээр үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1978 оноос хойш үндэсний шигшээ багтай холбоотой явж байгаа хүн юм. Тэгэхээр халз тулааны спорт, циклийн спорт, оюуны спорт гэх мэт төрлүүд дээр ижил түвшинд авч явах мэргэшсэн хүмүүс тухайн спорт дээр ажиллаж байна.
Олимпт бэлтгэж буй тамирчдыг ямар хөтөлбөр, хуваариар бэлтгэж байгаа вэ? Тусгайлсан зориулагдсан байр танхимд байрлуулж байгаа юу?
Тамирчдад "сэргэлт" маш чухал байна
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг
Үндэсний шигшээ баг дээр хамгийн гол нь тамирчдад "сэргэлт" чухал. Иймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв маань 600м квадраттай нэмэлт өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулахаар ирэх хоёр дугаар сарын 15-ны өдөр хүлээж авахаар ажиллаж байна. Энэхүү байрандаа бид бүхэн "тамирчдын сэргэлтийн капсул" буюу боксуудыг байрлуулж байгаа. Энэ байранд 98.7 хувийн вакумжуулсан орчинд тамирчид маань өглөө бэлтгэлээ хийчихээд, өдөр сэргэлтийн эмчилгээндээ орчихоод, бокстоо амраад, оройны бэлтгэл эхлэхэд тамирчид маань сэргэлтийг маш сайн авчихсан байх ёстой. Ийм шинэ шинэ үйлчилгээнүүдийг бид нар нэвтрүүлж байна. Шинжлэх ухааны тэр дундаа Олон улсын түвшинд гарахыг зорьж байна. Мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв маань одоо эмчилгээ, үйлчилгээ болон эрдэм шинжилгээний шинэ тоног төхөөрөмжүүдийг тамирчдынхаа судалгаа, шинжилгээн дээр ажиллах чадварыг хөгжүүлэх хэмжилт, сорилуудыг хийн ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.