“D-Parliament.mn” платформд иргэд идэвхтэй оролцож байна. Үүнийг НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох саналыг зургаан хоногийн дотор, нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах саналд 15 хоногийн дотор 100 мянган хүн дэмжсэн байгаагаас харж болно. Тэгвэл бидний дэмжсэн энэхүү ажлууд бодит амьдрал дээрээ хэзээ хэрэгжих нь эргэлзээтэй байна. Иймд "Иргэн та Хүч" залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбаттай ярилцлаа.
“D-Parliament.mn”-ээр УИХ-ын гишүүдийн ирц, өгсөн саналыг харах боломжтой гэж ярьж байсан. Та энэ талаараа ярихгүй юу?
“D-Parliament.mn” дээр нэг систем дутуу байгаа нь УИХ-ын гишүүдийн мэдээлэл, ирц, өгсөн санал, хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй шалтгааныг оруулах юм. Мэдээж нууцтай холбоотой асуудалд хариулт өгөхгүй.
Хуулиуд дээр УИХ гишүүд ямар байр суурьтай ханддаг талаар энэхүү системийг хэрэгжүүлэхээс гишүүд айж байгаа. Систем нь бэлэн болсон холбоод л болоо. Энэ системийг ярихаар үнэхээр тоохгүй байна. Системийг холбочих юм бол УИХ-ын гишүүд чуулгандаа суухаас өөр аргагүй болно.
“D-Parliament.mn”-д залуусын оролцоо өндөр байгаа. Тэгвэл тус платформ дээр иргэдийн дэмжсэн ажлууд яагаад хэрэгжихгүй байгаа талаар та яриач ?
18 нас хүрсэн бүх иргэд хууль санаачлах, хуулийн биелэлтэд хяналт тавих, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бүгд гаргах боломжтой. Хамгийн гол нь иргэд УИХ дээр Түр хороо байгуулах боломжтой болсон.
Өнөөдөр ”D-Parliament”-ийг 10 хүн тутмын 3 нь хэрэглэж байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахад уг платформыг хэрэглэж байгаа. “Е-Mongolia”-тай их төстэй юм. “Е-Mongolia”-г ковидын үед хэрэглээд сурчихсан болохоор “D-Parliament”-руу шилжихэд амар байна. Хамгийн гол нь хэрэгжилт алга болчихоод байна. Үүндээ анхаарах юм бол бид тууштай хэрэглэнэ гэсэн. Хэн алга болгоод байна вэ гэвэл, УИХ-ын гишүүдийн ихэнх нь дургүй байгаа. Энэ хууль батлагдахад 26, 26 санал авч хоёр удаа чуулган дээр унаж 3 дахь удаагаа 26, 27 санал авч дэмжигдсэн хууль байгаа.
Анхнаасаа иргэдэд биш УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Иргэдийн төлөөллөөр сонгогддог парламентын гишүүд иргэн нь яг парламентын гишүүнтэй адилхан хууль санаачлах эрх олгох хуулийг парламентын 26 гишүүн эсэргүүцээд байна гэдэг чинь иргэдийн санаа бодол парламент дээр орж нийгэм өөрчлөгдөх гээд байгааг харагдуулж байна.
Төр, иргэн хоёр салшгүй холбоотой. Тэгвэл үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
Улс орныхоо өөрчлөлтийг постын цаанаас биш өөрөө хууль санаачилдаг, энэ асуудлаа шахдаг, гаргасан санаачилгынхаа араас явдаг, оролцдог энэ байдал нь Монголын нийгмийг өөрчилнө. Үүнийг залуучууд бид Монголын нийгэмд түгээж чадна гэж харж байна. Залуучууд бид өглөө, орой 100, 100 мянгаараа цахим орчинд нэгдэх юм бол парламентын энэ хойрго, аливаа зүйлийг унтраадаг байдлыг халж чадна. Залуучууд бид нийгмийн хүчтэй оролцоо юм.