Баянгол дүүрэгт Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн багш нар санаачлаад, мөн захиргаа, удирдлагууд дэмжээд "Ирээдүй рүү хамтдаа" уриатайгаар "Олимпын танхим"-ыг сургууль дотроо байгуулжээ. Энэ бол үнэхээр онцгой, сонирхолтой, олимп олимпизмын хөдөлгөөнийг сурагчиддаа таниулсан өвөрмөц танхим болсон байна.
Шинэ оны өмнөхөн МҮОХ-ноос тус сургуулийн олимпын танхимыг "Шилдэг олимпын танхим"-аар нэрлэж "Бөртэ чоно"-ыг хүртээсэн билээ. Ингээд бид хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай ажилладаг хэмээн хойшоо суулгүй, сурагчдынхаа эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамир, спортоор хичээллэх сэдэл сонирхлыг төрүүлэх, олимп, олимпын хөдөлгөөнийг бодитоор таниулж яваа тус сургуулийг зорилоо. НЕБ-ын 70-р сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
Танд шинэ оны мэнд хүргэе. "Шилдэг олимпын танхим"-ыг байгуулсан танай хамт олон болон санаачилсан багш нарт нь ажлын амжилт хүсмээр байна?
Монголын анхны "дижитал олимпын танхим"
БГД-ийн Нийслэлийн ЕБ-ын 70-р сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл
Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Манай сургуулийн хувьд бол 2005 оноос эхлээд байгуулсан танхимууд байгаа. Тэгээд 2005 онд анхны Лондонгийн олимпын танхим гээд анх байгуулж байсан. Түүнээс хойш 2015 онд тусгай олимпын наадамд оролцож ирээд "тусгай олимпын танхим" болгоё. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан танхим болгоё гээд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн танхим болгоод, 2017 онд пара бочи спортын төрөл орж ирээд үүнд нь ихэвчлэн саажилттай хүүхэд орж хичээллэж болдог юм байна. Ингээд үүнийг ойлгож мэдэж аваад ер нь бол "паралимпын танхим" болгоё. Энэ чиглэлээр нэг ч гэсэн хүүхдийг амьдралд нь бэлтгэе гээд "ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, мөрөөдлтэй амьдрах хэрэгтэй" хэмээн бодсондоо 2017 онд паралимпын танхим хийгээд үүнээс хойш 2023 ондоо бүх олимпыг хамтатгаад "Олимпын танхим" хийе гэсэн. Ер нь бол олимпын зорилго бол хамтдаа гэдэг уриатай болохоор бүгдээрээ "Ирээдүй рүү хамтдаа" гэсэн уриатай сургуулийнхаа гол уриаг оруулаад ингээд олимпын танхим бүтээе гэж бодож зүтгэж хийсэн танхим байгаа юм.
Танай хамт олны хувьд 2023 онд амжилт, бүтээлээр дүүрэн байжээ. Мөн сурагчдынх нь хувьд ч Ханжоугийн Азийн пара наадамд амжилт дүүрэн оролцсон байна?
БГД-ийн Нийслэлийн ЕБ-ын 70-р сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл
Бид нэг баг болж, зүтгэсний үр дүнд 2023 онд манай сургуулийн хувьд нэлээн амжилттай, ололттой ийм сайхан жил болж өндөрлөлөө. 2017 онд хамгийн анх Хонгконгийн багш манай улсад ирж пара бочигийн сургалт явуулснаар үүнд хамрагдаж хичээллээд манай сургуулийн сурагч Х.Ирмүүн гээд сурагч Индонезийн Жакартад 2018 онд болсон Азийн наадам, мөн 2022 оны Ханжоугийн Азийн наадам оролцоод шилдэг 8-д орсон амжилттай. Дээр нь нэмээд манай сургуулийн сурагч Т.Мөнхдэмбэрэл пара бочигийнхоо төрлөөр ВС-1-ийн төрөлд дэлхийн чансаанд анх удаа бичигдэж эхэлсэн нь үнэхээр сургуулийн маань хүүхдүүд энэ спортоор тууштай хичээллэвэл ийм ач холбогдолтой, үр дүнтэй, амжилттай явааг илэрхийлж байдаг.
70 дугаар сургуулийн пара бочигийн төрлөөр хичээллэдэг тамирчид амжилтаа үргэлжлүүлсээр байна
Танай сургуулийн сурагчдыг энэ онд ямар тэмцээн уралдаан хүлээж байгаа вэ?
БГД-ийн Нийслэлийн ЕБ-ын 70-р сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл
Одоо том тэмцээнээс яривал Ази Номхон далайн орнуудын тэмцээнүүд байгаа. Дээр нь паралимпын эрх авах тэмцээнүүд байна. Хамгийн эхний тэмцээнд Канад руу явахаар манай сургуулийн хүүхдүүд бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байна.
Манай сургуулийн энэ "олимпын танхим" болохоор Монгол улсын "анхны олимпын дижитал танхим" гэдгээрээ онцлогтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бодит байдлыг илүү мэдэрдэг учраас бид нар олимпын үзэл санааг ойлгож мэдрэх боломжтой юм байна гэдгийг харуулахыг хичээж, зорьсон ийм танхим юм. Хүүхдүүд маань маш том зорилго, мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзэлтэй авьяаслаг, спортод маш дуртай, сонирхолтой хүүхдүүд бий. Бид бахархдаг юм.
Багш нар өвөл, зуны 29 олимпын бэлгэдлийг баримлын шавраар бүтээжээ
Энд олон олимпын наадмын бэлгэдлийг их өвөрмөцөөр яг бодитоор хийсэн байна. Энэ тухайгаа сонирхуулна уу?
БГД-ийн Нийслэлийн ЕБ-ын 70-р сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл
Эдгээр олимпын бэлгэдлүүд буюу маскотыг манай сургуулийн багш нар өөрсдийн гараар баримлын шавар ашиглаж хийсэн. Мөн ER код уншуулаад, тухайн логог уншуулснаар энэ бэлгэдэл ямар утга учиртай, ямар утга санааг илэрхийлсэн бэ гэдгийг харуулах ийм хэсэг байна. Манай олимпын танхимд өвлийн олимпын хэсэг байгаа. Энэ танхимдаа өвлийн олимпын бүх л төрлүүдийг ханан дээр зоож өгсөн байгаа юм. Өвлийн олимпт ямар ямар төрөл байдаг, ямар орчинд хэрхэн яаж гулгадаг юм бэ, спортын ямар төрлүүд байдгийг бүгдийг нь ингэж суулгаж өгсөн. Ер нь цаашдаа Монгол улсад аашдаа ирээдүйд өвлийн олимпын төрлийн өрсөлдөөн болж магадгүй гэж бодож энэ "мөрөөдлийн танхим"-ыг хийсэн байгаа. Өвлийн олимпыг Монгол улс зохион байгуулах боломжтой байх, манай улс чинь цас мөсний орон учраас тэр байдлаар бодож бэлгэдэж ингэж бүтээсэн юм.
Танай энэ олимпын танхим улсдаа анхдагч бөгөөд анхны дижитал орчныг бүрдүүлж өгчээ. Гайхалтай сэтгэл шингээж урлан бүтээсэн байна?
БГД-ийн Нийслэлийн ЕБ-ын 70-р сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл
Багш нар маань анх санаачлан олимпын танхимаа нээх ажлыг бүгдээрээ нийлж, бодит болгож бүтээсэндээ баяртай байна. Эдгээр олимпын бэлгэдлүүдийн доор буй ER кодыг уншуулснаар тухайн олимпын наадамд Монгол улсын хэн гэдэг тамирчин, ямар амжилттай оролцсон мэдээлэл цахимаар гарч ирж тэр дундаа дуу хоолойгоор хүүдүүдэд хүргэдэг. Мөн биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд манай танхимд ирж олимпын түүхийн хичээлд оролцдог. Дан ганц манай сургуулийн сурагчид гэлгүй бусдад оюутнуудад мэдлэг, танин мэдэхүйн мэдээллийг өгч байгаад бид баяртай сууна.
Танай сургуулиас шилдэг өсвөрийн тамирчид төрөн гарч байна. Тухайлбал пара бочи төрөлд спортлог гэр бүлийн үр ач бий гэсэн бахархам мэдээтэй байна?
БГД-ийн Нийслэлийн ЕБ-ын 70-р сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл
Тийм. Манай сургуулийн пара бочигийн тамирчид тогтмол амжилттай тэмцээндээ оролцож байна. Тэр дундаа Х.Ирмүүн одоо бүр пара бочигийн шигшээ багийн тамирчин болчихсон сар бүр тогтмол цалингаа аваад явж байна. Түүний өвөө нь өвлийн олимпод өрсөлдөж явсан тэшүүрийн тамирчин У.Очирбат. Мөн манай тамирчин сурагч Т.Мөнхдэмбэрэл энэ төрлөөр хичээллэдэг, чансаа ахисан түвшинтэй явж байгаа юм. Сургуулийн маань гурван ч тамирчин сурагч Азийн хүүхдийн наадамд оролцсон байдаг.
Ярилцсан баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.