“Хөрөг” нэвтрүүлгийн шинэ оны эхний дугаартаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмааг урьж, ярилцлаа. Түүний хувьд рок, попын ертөнцөд тасралтгүй 26 жил дуулж, ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн нэгэн.
Тэрээр “Би зургаан хүүхэдтэй айлын отгон охин. Их эрх танхил өссөн ээж аавын хайртай охин. Хоёр ах, гурван эгчтэй. Аав маань Архангай аймгийн Батцэнгэл сум, ээж маань Булган аймгийн Дашинчилэн сумын хүн. Төв халхын царайлаг залуу, бүсгүй хоёр хоорондоо хайр сэтгэлтэй болж, гэр бүл болж, дундаас нь зургаан хүүхэд төрсөн байдаг. Ээж аав маань одоо бурхан болсон. Дээрээс намайг харж байдаг. Би айлын бага охин учраас ах, эгч нар маань надаас нэлээн ахмад. Том ах маань миний аав болох хэмжээний тийм хүмүүс бий. Гэртээ урлагийн ганцхан хүн нь би.Аав, ээж маань хөгжим, дуу, урлагт маш их дуртай хүмүүс байсан. Аав маань баян хуур тоглодог, гоё дуулдаг хүн байсан.
Анх ятга хөгжмийн хатан хаан МУГЖ Мөнх-Эрдэнэ эгч манай байрны эгч байсан. Намайг анх урлагт дагуулж “Манай хөгжим бүжгийн сургуульд орооч… Энэ Сэрчмаа их авьяастай юм биш үү. Дуулдаг юм чинь манай сургуульд оруул. Манай талын л хүн болох юм шиг харагдаад байх юм” гээд намайг урлаг гэх том айлд дагуулж байлаа. Багаас минь харж байсан юм шиг байгаа юм. Эгч нар маань ч “Нээрээ тэгэх юм уу, шалгуулаад үзвэл яасан юм бэ. Бид нар бүгд энгийн сургуулиар явсан юм чинь дүүгээ ингэх юм сан” гээд. Аавд хэлтэл “Тэгье тэгье” гээд. Намайг хөгжим бүжгийн сургуульд оруулсан.
Сонсгол, хэмнэл, ритм гээд хүүхдүүдийг төрөл төрлөөр нь шалгаж авдаг. Гар, хурууны урт тэгшхэн, сонсголын шалгалт гээд олон янзаар шалгадаг. Орос, Буриад, Монгол багш нарт шалгуулаад, Гончигсумлаагийн нэрэмжит тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургууль одоогийн Монгол Улсын Консерваторид элсэж байсан. Нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлддэг ганцхан сургууль Монгол Улсад байдаг. Энэ сургуульд орох аз завшаан надад тохиолдож, бурхан ивээж, миний тодорхой хэмжээний авьяас маань ивээж, тэр сургуульд орсон. 1989 оноос анх урлагийн сургуульд орсон гараа маань нээгдсэн. Урлагт хөл тавиад 26 жил болсон байна. Нэг мэдэхэд л, цаг их хурдан өнгөрдөг юм байна. Би өөрөө дотроо анх дуулж байсан 20 настай С.Сэрчмаагийн зан чанар, бодол, ахмад, алтан үеэ хүндэлж, хайрладаг дөнгөж анх дуучин болж байсан зан маань одоо хүртэл надад байгаад байдаг. Гэхдээ биологийн насаараа миний нас яваад байдаг. Уран бүтээлээ хийсэн хугацаа маань 26 жил болсон байна. Анх уран бүтээлч болсон цаг үе маань гэвэл ангийнхаа дөрвөн охинтой “Охид” нэртэй хамтлаг байгуулаад, 1997 онд англи дуу дуулаачдын уралдаанд орж түрүүлээд, тэндээс маш их урам авч байсан. Наймдугаар ангидаа. Тавдугаар ангидаа хүүхдийн ордны ая дуу зохиогч багачуудын уралдаанд орсон. Тэнд арван жилийн ахлах ангийн хүүхдүүдээс би тавдугаар ангидаа түрүүлсэн. Би өөрөөө дуугаа зохиож болж байна. Дуулж чадаж байна. Би урлагийн сургуулийн давуу талаа ашиглаад, би дуулж болох юм байна гэдгийг зөвхөн хөгжим тоглоод хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Тавдугаар ангиасаа л дуулах авьяастайгаа мэдсэн. Наймдугаар ангидаа хамтлаг байгуулж түрүүлээд, бүр урамшаад, 1999 онд Шанхайд болсон олон улсын дуулаачдын наадмаас шилдэг залуу дуучны шагнал аваад, ганцаараа соло уран бүтээл хийвэл болох юм байна гээд хамтлагаасаа гараад, ганцаараа өнөөдрийг хүртэл дуулаад, 200 гаруй уран бүтээл гаргасан байна.
Миний мэргэжлийн хамгийн үнэ цэнтэй сайхан зүйл гэвэл шинэ уран бүтээл төрөн гарах. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурваас төрөн гарсан сүнсийг нь суулгаж, босгосон шинэ хүүхэд. Тэр уран бүтээл маш үнэ цэнтэй. Мөн уран бүтээлч биднийг хөглөж байдаг сонсогч ард түмэн. Ард түмний алга ташилт маш үнэ цэнтэй.
Монголын ард түмэн энэ их хугацаанд хараад, Сэрчмаа маань ямархуу зан ааштай билээ гээд бүгдийг нь хараад мэддэг болсон байна лээ. Анх юм ярихгүй дуугүй байгаад байхаар их зантай гэж тодорхойлдог байсан бол 2015 онд монголын анхны онлайн ток шоу Nyambaa&Sally гээд гаргасан. Түүнээс хойш Сэрчмаа их инээдэг, хөгжилтэй, алиа хошин зантай, наргианч юм байна гэдгийг хүмүүс мэддэг болсон байна. Түүнээс хойш ямар ч хүмүүс тааралдхаараа “Яана аа, харахаар бүр хөөрхөн харагдаад байх юм аа” гээд л. Зарим нь “Инээд хүрээд байх юм аа” гэхээр бүр эвгүй. Харахаар инээд хүрээд байна гэхээр би яасан юм бол оо гэж бодно шүү дээ. Миний инээсэн, ярьсан хөгжилтэй зүйлийг бодож л хэлдэг юм шиг байгаа юм. Хөөрхөн санагдаад байх юм аа гэдэг ч юм уу. Хүмүүс өөрийнхөө бодсноо л шууд хэлчихдэг. Тэр нь ч надад хөөрхөн, илүү нээлттэй, дотно санагддаг. Урьд нь хүмүүс таньсан ч надаас эмээгээд байдаг байсан бол одоо найзууд юм шиг ханддаг, харьцдаг болсон.
Амьдралд асуудал бэрхшээл тулгарахгүй хүн гэж хэзээ ч байхгүй. Асуудал бэрхшээл, зовлон өөрөө амьдрал гэдэг ойлголттой байдаг. Энэ зовлон чинь өөрөө бараг жаргал. Жаргал даахгүй зовлон даана гэдэг шиг жаргал, зовлон тэнцвэртэй байж амьдралыг цогцлоодог гэж хардаг. Дан жаргалтай амьдраад байна гэвэл тэр амьдрал ямар ч амтгүй, будаггүй муухай зураг шиг харагдана. Хар өнгө байж зураг хурцлагддаг шиг зовлон бэрхшээл байж тэр хүн илүү туршлагажиж, ухаажиж амьдралын их сургуульд суралцахад нь дэм болдог юм болов уу гэж боддог. Би гаргасан алдаандаа хэзээ ч харамсдаггүй. Би үүнд өшөө илүү ингэх ёстой байсан байна. Дараагийн удаад би ингэж болохгүй, би ингэсэн байна. Аливаа нэгэн зүйлд алдвал эргээд надад хэд нугалж боломж ирнэ. Илүү олон хаалга нээгдэх боломжтой гэж бодож хурцлагдаж амьдардаг.
Хүчтэй байх ёстой, хүчирхэг эмэгтэй байх ёстой гэсэн зарчмыг байнга боддог. Яагаад гэвэл ард түмэн өөрөө надад тийм итгэл хүлээлгэсэн. “Дуучин С.Сэрчмаа байна шүү дээ. Таны дуу ёстой гоё” гээд л. Хамаагүй явж болохгүй, хамаагүй үг хэлж болохгүй, хазгай гишгэж болохгүй. Хамаагүй энд тэнд баар саванд ороод байж болохгүй гэдэг ч юм уу. Аливаа зүйлд өөрийгөө, биеэ хичээж амьдрах ёстой үүрэг хариуцлагатай урлагийн салбарын хүн болсон байна. Тиймээс үг хэлээ бодож, үйлдлээ боддог учраас аливаа нэгэн зүйлд өөрийгөө хичээж амьдрах ёстой учраас хүчирхэг байхыг хичээдэг. Гэхдээ дандаа хүчирхэг амьдраад байж чадахгүй. Хүн юм болохоор заримдаа туйлдах, ядрах зүйлс бий. Тэр үед нь өөрөө өөртөө оюун санааны амралт авах, өөрийнхөө эрүүл мэндийн хувьд амралт авах, гадаад явах, хөдөө явах, голын эрэг дээр суух, дуртай зүйлээ хийгээд, хөгжим сонсоод байх, шууд өөртөө зай өгөөд, завсарлага авахад хүн өөрөө эргээд цэнэглэгддэг. Хүн өөрөө цэнэг авч, амралттай байж өөрийгөө дуртай зүйлээрээ хөглөдөг байж гоё хүчирхэг, зогсохгүй урагшаа тэмцэж чаддаг болов уу гэж боддог.
Ирж буй 2024 он бид бүгдийг хувьд санасан бүхэн нь бүтэх сайхан жил байх болтугай. Шинэ ондоо бүгдээрээ гэр бүл, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай угтаж, та бүхний минь ажил үйлс нь өөдрөг байх болтугай. Бид бүхний хүсэх хамгийн гол зүйл бол эрүүл энх байх. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг шинэ ондоо хүсье. Ширхэглэн будрах цасны тоогоор аз жаргал хүсье” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.