“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Одгэрэлийг урьж, ярилцлаа. Тэрээр бага насандаа оёж, шидэх, зураг зурах, шүлэг бичих гээд олон авьяастай, чадварлаг хүүхэд байжээ. Тэр зураач, оёдолчин, сэтгүүлч гээд олон мэргэжлээс алийг нь сонгохоо мэдэхгүй эмээгээсээ тусламж хүсэж, үзмэрчид үзүүлснээр жүжигчин мэргэжлийг сонгосон аж. Б.Одгэрэл 2011 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсжээ. Их сургуулиа төгсөөд УДЭТ-т жүжигчнээр долоон жил ажиллаж, одоо Black box, Bee theater, Альфа, Орфей зэрэг театруудад гэрээт уран бүтээлчээр ажиллаж байна.
Б.Одгэрэл 2019 онд “Ялагчийн цуваа” олон улсын наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”, 2022 онд “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадмын “Хоёр хүний жүжгийн төрөл”-д “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртэж байсан.
Тэрээр “Би мэргэжлээ сонгосон түүх их хөгжилтэй. Дөрөв таван мэргэжлийн алийг нь сонгохоо мэдэхгүй эмээгээсээ зөвлөгөө авсан. Эмээ маань яаж туслахаа мэдэхгүй. Тухайн үед манай гэрийн ойролцоо нэг үзэж хардаг хүн байсан. Эмээ “Тэр үзмэрч үнэхээр сайн хүн хоёулаа очиж үзүүлье” гээд. Очоод үзүүлсэн. Би сайн зурдаг байсан. Чи зураач болбол их ядуу амьдралтай зураач болох юм байна. Алсдаа чиний бүтээл гайгүй гэсэн. Бас их юм оёдог байсан. Чи оёдолчин бас биш байна гээд. Би өөрөө сэтгүүлч болох сонирхолтой байсан. Чи сэтгүүлч болбол хүнд алуулна гээд. Чи ерөөсөө л жүжигчин болох хүүхэд байна. Жүжигчин болбол чамд илүү зохих юм байна гэж эмээ бид хоёрт хэлсэн. Жаахан хүүхэд байсныг ч хэлэх үү, шууд үгээр нь жүжигчин болсон. Одоо жүжигчин мэргэжлээ сонгосондоо үнэхээр их баярладаг. Миний амьдралын хамгийн зөв шийдвэр” гэж мэргэжлээ сонгосон тухайгаа хуваалцсан юм.
Б.Одгэрэл эхээс хоёулаа. Нэг ахтай. Түүний ээж жаахан байхад нь бурхны оронд очсон тул аав, ах хоёртойгоо өсжээ. Ах нь гадаадад олон жил амьдарч, аав, эмээтэйгээ л өсөж, том болсон аж. Түүний аавыг Бат-Орших гэдэг. Сайхан зураг зурдаг, хөгжим гайхалтай тоглодог. Маш хөгжилтэй, сэргэлэн, хошин мэдрэмж өндөртэй хүн аж.
Б.Одгэрэл “Би охинтой. Би охиндоо хань болгож заавал дүү нар гаргаж өгнө гэж бодсон. Яагаад гэвэл айлын ганц охин байна гэдэг надад маш хэцүү санагддаг. Бүх зүйлд ганцаараа. Жаргасан ч, зовсон ч ямар нэгэн амьдралын саад бэрхшээл, зовлон зүтгүүр, даваа гээд бүх зүйлд ганцаараа байдаг. Ээж маань яг өсвөр насанд маань өнгөрсөн учраас миний өсвөр нас миний амьдралын хамгийн хүнд үе байсан.
Би хүний ген, эцэг эхийн ухаан өвлөгддөг гэдэгт итгэдэг. Уншдаг ном, ажил мэргэжил гэдэг шиг миний ээжийн ухаан өвлөгдөж, зааж чиглүүлж байж тэр хэцүү байдлаа давж гарсан гэж боддог” гэв.
“Би одоо нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр бид хоёр уг нь залуу хүмүүс хэр нь хар багадаа найзалж суусан. Арван жилийн нэг анги. Хамгийн анх тавдугаар ангид захиа өгөөд л, таалагдаж байна гээд л. Ахлах ангид ороод үерхсэн. Тэгээд л гэр бүл болсон доо. Би жүжигчин болно гээд. Манай нөхөр “Тэгвэл би чамайг найруулна” гээд найруулагч болсон. Одоо бид хөөрхөн хүү, охинтой.
Амьдралын хамгийн гол зорилго, үнэ цэнтэй, чухал зүйл бол гэр бүл. Гэр бүлээ тэжээхийн тулд хүн ажил хийх ёстой. Үүний тулд мэргэжил эзэмшинэ гээд бодитоор юмыг хардаг. Мэргэжил эзэмшсэн учраас сайн ажиллаж, цалин авна. Түүгээрээ гэр бүлээ тэжээнэ. Тиймээс ямар нэг байдлаар Оскарын шагнал авна, гадаадад ажиллана гэсэн бодол байхгүй. Зүгээр л урдах ажлаа чанартай сайн хийе дээ гэж бодоод, хийж байгаа процесс. Тэр нь зарим хүнд амжилттай явж байгаа харагддаг юм уу, үгүй юу. Тэр надад их чухал биш. Миний хийж байгаа зүйл, одоо байгаа зүйлс илүү чухал санагддаг” гэв.
“Би театрын жүжгүүдэд голцуу тоглодог болохоор гэртээ сонгодог ая сонсоод л, уулзахаараа ухааны юм яриад л, амьдралын мөн чанарын тухай гүнзгий яриад л нэг л ухаантай гэж бодоод байдаг юм шиг байна лээ. Би чинь тийм ухаангүй шүү дээ. Намайг хамтран ажилладаг хүмүүс, уран бүтээлчид маань найз нөхөд их сайн хүн гэж бодоод байдаг. Би ерөөсөө сайн хүн биш. Дүрсгүй, их сонин хүн. Өөрийгөө ухаантай гэж огт боддоггүй.
Зан аашны хувьд ч сонин. Зан ааш, амьдрал нь шулаан, хэвийн хүмүүс байдаг даа. Миний амьдрал яагаад ч юм их сонин. Зүрхний цохилт шиг. Дээшээ доошоо гээд л. Амьдрал нь ч сонин, сонирхолтой. Зан ааш маань ч сонирхолтой. Нэг тийм дундаж сэтгэхүй байхгүй. Нэг бол маш сайн. Нэг бол маш муу. Нэг бол маш гоё. Нэг бол маш муухай. Сайн тал байлаа гэхэд яг түүнтэйгээ адил муу тал байдаг. Их гоё дундаж аятайхан явж байдаг хүмүүс байдаг. Би ерөөсөө тийм биш.
Хүмүүс намайг их чухалчилж хараад байдаг. Надтай ерөөсөө ярилцаж үзээгүй байж хий айгаад ч юм уу, сандраад байдаг. Намайг юу ч гэж боддог юм. Яг ярих юм бол өөр. Манай аав их хошин хүн. Ген өвлөгдөнө гэж байдаг юм уу. Юм ярихаар л хүмүүс инээгээд л. Маазын хатан хаан гэдэг шиг л. Би өөрөө тийм алиа хошин, хөнгөн, хүн явуулдаг зүйлд дуртай. Тэрнээс кайф авдаг. Өөрийгөө алиа гэх нь ч хаашаа юм.
Инээдмийн дүрүүдэд тоглох их дуртай. Үнэхээр гоё санагддаг. Тийм ч учраас хүмүүсийн ирж байгаа саналууд янз янз байдаг. Зарим хүнд нэг л төрлийн дүрийн санал ирээд байдаг. Надад нэг бол арай дэндүү аймшгийн эсвэл бүр уйлсан гутарсан. Эсвэл хөгжилтэй, инээдтэй, алиа дүрүүд. Эсвэл их гоё хүүхэн байснаа гэнэт гуйлгачны дүр ирдэг. Эсвэл архичин, согтуу хүүхэн гээд байж боломгүй сонин сонин дүрүүдийн санал ирдэг. Найруулагчид намайг ингэж янз янзаар хардагт баярладаг. Гэхдээ миний хүсэл мөрөөдөл гэвэл яг өөрийнхөө насны, өөртэйгөө жаахан төстэй дүрд ажилламаар байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.