Харшлын эмээс болж хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдсэн талаар Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа хэллээ. Тиймээс томуу, томуу төст өвчний үед харшлын эмийг дангаар хэрэглэх нь тохиромжгүйг тэр зөвлөлөө.
Тэрээр энэ талаар ярихдаа, "Арванхоёрдугаар болон нэгдүгээр сард харшлын гаралтай ханиад байхгүй. Үүнийг хатуу анхаарах хэрэгтэй.
Харин маш их нус цэр гарч байгаа үед хавсарсан найрлагатай буюу харшлын эмийн тун бага зэрэг орсон эмийг зөвлөж байгаа. Бусад харшлын эмтэй хавсруулан хэрэглэж болохгүй. Аливаа эмд олон улсын, худалдааны нэршил байдаг. Эмч олон улсын нэршлээр эмээ бичих ёстой. Тухайлбал эмийн санд амокслин 4-5 янзын худалдааны нэршлээрээ байдаг. Тиймээс эмчээсээ олон улсын нэршлээр эмээ бичүүлж авч байхыг зөвлөе.
Сонгино, саримсанд нянг устгах бодисууд байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Жишээлбэл АНУ, БНХАУ, Францад ч хүүхдээ амьсгалын замын өвчин туссан үед сонгино саримстай хоол хийж өгөх, зүүлгэх, унтахад нь дэрний хажууд саримс тавих аргыг хэрэглэдэг. Томуу, хатгалгаа өвчний үед аньс, чацаргана, аарц, адуу, хонины махтай хоол хэрэглэх нь тохиромжтой" гэв.