12 дугаар сарын 16-ны Бямба гарагийн 13:00 цагаас улсын арслан "Босоо" хэмээх Сосорын Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
Сосорын Шагдар (1888 – 1938) нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу буюу одоогийн харьяаллаар Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Бүрд хэмээх газар төржээ. Амьдралын шаардлагаар тэрээр тухайн үеийн харьяаллаар нэг хошууны нутаг байсан Хөвсгөл аймгийн Цагаан- Уул суманд шилжин суурьших болсноор Хөвсгөл аймгийн харьяат болон бичигдэх болсон байна. Үндэсний бөхийн арслан цолтой.
Улсад цөөхөн барилдсан боловч өндөр амжилт үзүүлсэн хүчтэн юм. Аман ярианаас тэрээр нас гүйцсэн сарлагийн бухтай тулан, түрж хөөн эрэг рүү унагаах, айлын бариатай гэрийг гарахдаа тотгоор нь мөрлөн үүдэн хоймрын зайд чирсэн, сарлагийн бүдүүн шар үхрийн ширийг хоёр гараараа цуу татаж байсан зэрэг эгэлгүй хүчтэй хүн байжээ.
Түүний хамгийн их олныг шуугиулсан явдал нь жирийн хүний хэмжээнээс хэтэрсэн амжилт буюу 640 кг чулууг өргөсөн гэх яриа юм. Өргөснийг нь нотлох хүн нь тухайн үед байсан бөгөөд одоо тэр чулуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын музейд хадгалагдаж байгаа гэсэн мэдээ байдаг.