2008 онд Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатарын хүү Э.Батзаяа өөрийн “Батуконстракшн” компанийн нэр дээр, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар буюу Зайсангийн аманд 0.5 га газар авчээ. И.Эрдэнэбаатар нь 2006-2007 оны хооронд Байгаль орчны сайдын албан тушаалыг хашиж байсан. Улмаар түүний хүү аавынхаа эрх мэдэл, албан тушаал, танил талыг нь ашиглан тусгай хамгаалалттай газар орон сууц барих нөхцөл бүрджээ. Тухайн үед И.Эрдэнэбаатар, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нар Богдхан уулын амыг “эзэгнэсэн” талаарх газрын маргаантай асуудлууд хэвлэлээр хөвөрч байсан нь ч үүнтэй холбоотой гэхэд хилсдэхээргүй байна. Сайд аавтай, хуулийг уландаа гишгэсэн хүүгийн асуудал үүгээр дууссангүй. Үндсэн хуулийн цэцийн зүүн урд талд байрлах газар дээрээ Германы хөрөнгө оруулагчаас 10 гаруй тэрбум төгрөг гаргуулан “Герман Монгол пропертийз” хамтарсан компани байгуулж 22 давхар хоёр орон сууцны барилга эхлүүлсэн байна. Уг нь Дархан цаазат газарт орон сууц барих нь битгий хэл ширхэг ургамалыг нь зулгаахыг хуулиар хориглосон байдаг. Гэвч сайдын асны хүүд хууль хамаагүй бололтой.
Батуконстракшн ХХК барилгын ажлыг гүйцээх нэрийдлээр гуравдагч тал болох Глобал бридж констракшнаас дахин хөрөнгө оруулалт авчээ. Гэвч Швейцарийн шүүхээс энэ барилгыг германы хөрөнгө оруулалтаар барьсан болохыг нь нотолж, Батуконстракшнийг 4 сая еврог буцаан төлөхийг шаардсан байна. Харин өнөөдрийг хүртэл германы хөрөнгө оруулагчийн хохирлыг Бату констракшн төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа юм.
2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Швейцарын Танхимын дэргэдэх Арбитрын байгууллагаас гаргасан шийдвэрт, Э.Батзаяагийн “Батуконстракшн” компанийг 2016 онд “Герман Монгол пропертийз” компанитай байгуулсан гэрээний үүргээ шударгаар гүйцэтгэж, төслийг үргэлжлүүлэн дуусгах, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх, төслийн бичиг баримтуудын эх хувийн хуулбарыг нэхэмжлэгч компани болон Монгол улсын холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөх, арбитрын зардлын 50 хувийг гаргахыг тус тус үүрэгдсэн байна. Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ч “Батуконстракшн” ХХК өнөөдрийг болтол биелүүлэлгүй, унжсаар сууна. Энэ талаар “Батуконстракшн” ХХК-ийн захирал Э.Батзаяа, “арбитрын шийдвэрт тэг, ингэ гэж үүрэгдсэн зүйл байгаагүй” гэсэн тайлбар өгч байна. Олон улсын Арбитрын байгууллагын шийдвэр эцсийнх бөгөөд талуудын хувьд заавал биелүүлэх хүчинтэй байдаг ч Монголын сайд асны хүүд энэ огт хамаагүй.
Э. Батзаяагийн “Батуконстракшн” ХХК барилгад хөрөнгө оруулаагүй зөвхөн газраа ашиглуулсны төлөө “Герман Монгол пропертийз” компаний 36,77 хувийг эзэмшжээ. Зүйрлэвэл сайд асны хүү Алтан загасны үлгэрийн эмгэн болоод, хөрөнгө оруулагч Герман талынхан өвгөний дүрд тоглож буй мэт дүр зураг эндээс харагдаж байгаа юм. “Чоно борооноор, муу хүн сиймхийгээр” гэдэг. Тэгвэл Э.Батзаяагийн “Батуконстракшн” ХХК ковидын сиймхийгээр, хил давж чадахгүй болсон хөрөнгө оруулагчаа мурьж, өөр компанитай хамтрах болсон байж болзошгүй байна. Ингээд Германы тал 10 орчим тэрбумаараа хохирч, Олон улсад Арбитрын маргаан үүсгэж, Монголын хууль шүүхийн байгууллагад хандсан нь энэ юм.
Тусгай хамгаалалттай газрын эрхийг аялал жуулчлалын зориулалтаар гэх нэрийн дор авчхаад, тансаг орон сууц барин ашиглалтад оруулаад амжсан Э.Батзаяа захирал асуудалтай холбогдуулан дараах тайлбарыг өглөө.
-Таныг тусгай хамгаалалттай газрыг хууль бусаар эзэмшиж барилга барьсан гэх хардлага байгаа юм. Үүнд тайлбар хэлээч?
-Газрын зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан. Зохих материалаа бүрдүүлээд авсан болохоор хууль зөрчсөн асуудал байхгүй.
-Тусгай хамгаалалттай газарт барилга барих зөвшөөрөл хуулийн дагуу яаж авдаг юм бэ?
-Манай төсөл бол Аялал жуулчлал сургалт мэдээллийн төв гээд нэртэй явж байгаа.
-Аялал жуулчлалын зориулалтаар авчхаад орон сууц барьчихсан байсан нь юу вэ?
-Түр отоглох сервис апартмент.
-Та Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг харсан уу? Түр отоглох байр гээд хоёр том орон сууц барьж болох хуулийн зохицуулалт байна уу?
-Харсан. Мэдэхгүй. Би хууль зөрчөөгүй ээ.
-Газрын тухай хуулийг нь харахаар бараг өвсийг нь зулгааж болохооргүй харагдах юм. Тийм байхад та яаж орон сууцны барилга барих зөвшөөрөл авав аа?
-Хуулийн дагуу л бичиг баримтаа бүрдүүлсэн.
“Түр отоглох сервис апартмент” гэж юу байдгийг бид хайж үзсэн боловч, илэрц гарч ирсэнгүй. Үүнээс үзвэл сайд асан аавынхаа нөлөөгөөр авсан тусгай хамгаалалттай газар дээр хууль зөрчин барилга барихдаа Э.Батзаяа өөрийн үйлдлээ халхалж шинэ нэр томъёо бий болгожээ. Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Э.Батзаяа захиралаас үргэлжлүүлэн үүсээд буй асуудлын талаар тайлбар авлаа.
-Энэ газартаа барилга барих хөрөнгө оруулалтаа Герман компаниас авчхаад, мурьчихсан юм уу?
-Германтай холбоотой энэ асуудал их төвөгтэй. 2016 онд манай газар дээр хөрөнгө оруулаад барилга барина гэх хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг юм. Тэд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Барилгаа эхлүүлээд талд нь оруулаагүй хаяад явчихсан. Бид удаа дараа барилгаа үргэлжлүүл, хөрөнгө оруулалтаа дуусга гэж шаардсан. Гэтэл шаардлага биелүүлэгүй. Олон гүйцэтгэгч компанийн ажлын төлбөрийг ч өгөөгүй. Өөрөөр хэлбэл биднийг өрөнд оруулчхаад хаяад явсан. Ингээд ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас дахин шинэ хөрөнгө оруулагч олсон юм. Ингэж байж ажлаа бүрэн гүйцэт дуусгасан. Харин одоо “Герман Монгол пропертийз”-ийг ХУД-ийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж байгаа. Герман хөрөнгө оруулагчид өөрсдөө монголд огт ирдэггүй. Төлөөлж байгаа монгол хүмүүс нь янз бүрийн хор хутгаад байдаг л даа. Цагдаагаас холбогдохоор би зүгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч гэчхээд, манайхыг шүүхэд өгөхдөө хохирогч болчхоод байдаг хүмүүс л байгаа.
-Олон улсын арбитраас шийдвэр гаргасан юм билээ. Энэ гаргасан эцсийн шийдвэрийг та үл тоосон юм биш үү? Тийм байж болох уу?
-Шийдвэр гарсан нь нь үнэн. Үүнд, хамтран ажиллах гэрээ чинь хүчин төгөлдөр байна. Нэг нь хөрөнгөө оруул, нөгөөх нь дэмжлэг үзүүл гэсэн шийдвэр байсан. Наад нөхдүүд чинь өөрсдөө хууль бусаар янз бүрийн бичиг гаргуулж авсан сурагтай байна билээ. Арбитраас чи ингэ, тэг гэх нэг ч шийдвэр гараагүй.
-10 гаруй тэрбум төгрөг хөрөнгө оруулсан юм биш үү?
-Анх гэрээ байгуулахад хөрөнгө оруулагчид бүх хөрөнгөө 100 хувь захиран зарцуулаад явах байсан юм. 10 тэрбум төгрөг орж ирсэн нь үнэн. Тэр мөнгөөр хоёр барилгын их бие босох ёстой байсан ч хүрээгүй. Нэг нь л боссон. Тал мөнгийг нь хаашаа явуулсныг мэдэхгүй байна. Сая хэлсэнчлэн бүх өрөн дээр би унасан. Монголын компаниуд намайг дарамталдаг. Барилгын ажилд гуравдагч этгээд хөрөнгө оруулаад дууссан. Хэн ч үүнээс ашиг олохгүй. Оруулсан хөрөнгүүдээ хувааж аваад салъя гэхээр, үгүй манайх энэ төслийг бүхэлд нь авна гэдэг. Тэр хүмүүс намайг бэлэн мөнгийг аваад зугтаачихсан гэх өргөдөл ч өгч байсан удаатай. Ингээд над дээр эрүүгийн хэрэг үүсэж, би хоёр жил шалгуулсан. Ингээд ийм хэрэг үйлдээгүй нь нотлогдоод хэрэг 2022 онд хаагдсан. Энэ асуудал дээр буух эзэн, буцах хаяг байхгүй болчихсон.