2023 онд Монголын дугуйчид ОУ-ын нийт 39 тэмцээнд оролцож үүнээс 20 тэмцээнээс нь UCI оноо авч, Азийн аварга, Азийн наадмаас Хүрэл медалиудыг авч Олимпийн эрхээ авсан түүхэн дээд амжилтын жил боллоо.
Дотооддоо нийт Засмал замын дугуйн 24 өдрийн 13 тэмцээнийг 22 насны ангиллаар зохион байгуулжээ. Ингэснээр Монголын Дугуйн холбооны 2023 оны замсал замын дугуйн чансаа эцсийн байдлаар батлагдсан байна.
Засмал замын дугуйн ангиллын “Шилдэг Элит тамирчин”-аар мэдээж Үндэсний шигшээ багийн тамирчин, мэргэжлийн дугуйчин ОУХМ С.Жамбалжамц “Алдар спорт хороо”, харин “Шилдэг Элит Эмэгтэй тамирчин”-аар с/м Ж.Анужин “Team Oggi” нар шалгарсан байна.
ОУХМ Сайнбаярын Жамбалжамцийг Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос-Би Эйч” баг эгнээндээ нэгтгэснээ 11-р сард зарлаад байсан. Тэгвэл С.Жамбалжамц Испанийн багтай албан ёсоор нэгдэж, бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж эхлээд байгаа юм.
2024 онд тэд Тур де Франс, Жиро Д'Италиа эсвэл Вуэлта Испаниа зэрэг томоохон тур уралдаануудад оролцохын тулд дэлхийн шилдэг 40 багийн тоонд багтах ёстой бол 2025 онд шалгуур улам нарийсч, шилдэг 30-ын нэг байх шалгуурыг тавьж байна. Иймээс чансааны оноо бүр тун чухалд тооцогдож буйг мэдээлээд байгаа юм.
27 настай Монгол улсын тамирчин Испанийн багт өөрийн ур чадвар, арга барил, Монгол дугуйчны онцлог чанар, давуу байдлыг харуулах түүхэн замналыг эхлүүлж байгаа нь онцлог. Испанийн баг Монголоос дугуйчинтай хамтын ажиллагааны гэрээний гарын үсэг зурсан нь Европын томоохон уралдаануудад Монгол дугуйчин уралдах болсон анхны онцлох түүхэн үйл явдал болж байна. С.Жамбалжамцын Европт уралдах болсон нь Монгол улсаас гадна Азийн дугуйчдын хувьд маш том ирээдүйн анхны шанг татаж байгаа гэсэн үг. Түүний хувьд Малайзын багийн эгнээнээс Азийн цуврал тур уралдаануудад авхаалж самбаагаа сорьж, Ази тивд чансаагаар топ зэрэглэлд нэрлэгдэх болсон билээ. Тодруулбал, С.Жамбалжамц Малайзын Теренггану Полигон багийн бүрэлдэхүүнд Малайзын уралдааны түрүү хүртсэнээс гадна Ираны тур, Хятад дахь Хуаншан тур зэрэг тэмцээнд түрүүлсэн амжилтыг үзүүлж, тогтмол амжилтыг үзүүлж буй тамирчин юм. Мөн тэрбээр энэ оны 09-р сард болсон "Ханжоу 2022" Азийн наадамд хүрэл медалийг зүүж, 2024 оны Парисын олимпод оролцох эрхээ аваад байгаа юм.
Мөн Засмал замын дугуйн Улсын цол зэргийн журмын дагуу ОУХМ гурав, Спортын мастер 18, Спортын Дэд мастерын болзлыг дөрвөн тамирчин тус тус хангажээ.