Бодибилдинг фитнесийн тамирчин Б.Уянга “Ifbb pro taiwan” тэмцээнд түрүүлж, мастер олимпод оролцох эрх аваад буй. Энэ нь Монгол Улсаас бодибилдингийн мэргэжлийн олимпод оролцох гэж гэж анхны үйл явдал юм. Тэгвэл бид түүхэн амжилтыг бүтээж яваа залуу хос тамирчидтай ярилцлаа. Түүний нөхөр Э.Батдорж, тамирчин Б.Уянгыг дасгалжуулаад гурван жил болж байгаа юм.
-Түүхэн амжилт бүтээчихээд ирлээ шүү дээ. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв даа? Сэтгэгдлээ хуваалцаач?
Э.Батдорж: Сөүлд оролцсон тэмцээн бол мэргэжлийн тамирчид дунд зохион байгуулдаг тэмцээн. Энэ тэмцээнээсээ сая мистер олимпын эрх авлаа. Манай эхнэр яг таван сард мэргэжлийн тамирчин болсон юм. Ингээд сая болсон тэмцээнд түрүүлж мистер олимпын эрх авсан. Өрсөлдөгчдийн хувьд нэлээн чанга байлаа. Ойрхон про тэмцээнүүд болчихсон байсан болохоор, бүгд амжилт гаргацгаачихсан, эд формынхоо үед яваа тамирчид байсан гэсэн үг. Бид хоёр алдаа дутагдал дээрээ маш сайн ажиллаж байгаад ялсан. Үүндээ маш их баяртай байгаа. Сая ирэхэд найз нөхөд гэр бүлийнхэн маань маш халуун дотноор хүлээн авлаа. Бид хоёрт ч мөн их сайхан өдрүүд болж өнгөрлөө. Ингээд өчигдөр Солонгост ирээд байна.
-Бодибилдингээр хичээллээд хэр удаж байна вэ? Хичээллэх болсноос хойш хугацаанд бие мах бодь, сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт бий болгосон байх?
Э.Батдорж: Бодибилдингийн спортоор хичээллэхэд маш хүндрэлтэй зүйл олон бий. Тэсвэр тэвчээрийн тухай ярих нь илүүц биз. Энгийн зүйлсээс л маш сайхан аз жаргалыг мэдэрдэг болчихдог. Амттай хоол идэх, ус уухдаа хүртэл баярлаж үнэ цэнтэй зүйл гэдгийг нь мэдэж авдаг.
Б.Уянга: Миний хувьд бодибилдингийн спортоор хичээллээд гурван жил болж байна. Хичээллэж эхэлснээс хойш амьдралын хэв маяг, хоолны дэглэм гээд олон зүйл өөрчдөгдсөн. Хоолны дэглэм барихад хүртэл ямар их тэсвэр тэвчээр шаарддаг юм бэ гэдгийг сайн ойлгосон. Энэ спорт надад мөн дэг журам, ёс зүйн талаар ч заасан.
Сэтгэл зүйн хувьд, тамирчин хүний сэтгэл зүй үргэлж хэлбэлздэг. Учир нь биеийн хүчний дасгал хийж, хоолны хатуу дэглэм барьдаг. Тиймдээ ч хэд дахин их тууштай байдлыг шаардаж байдаг юм. Шантрах, сэтгэлээр унах асуудлууд олон тохиолдоно. Гэсэн ч миний аав, ээж, найз залуу маань намайг маш сайн дэмждэг. “Чи чадна. Тэсээрэй” гээд л үгээрээ дэмжихээс гадна, бэлтгэлээс ядраад ороод ирэхэд миний идэх хоолыг граммлаад бэлдчихсэн байдаг. Ийм л жижигхэн хирнээ том халамж намайг үргэлж хичээх ёстойг сануулж байдаг.
-Уран нугараач хүн бодибилдингийн спорт сонирхох болсон шалтгаан нь юу байсан бэ? Бодибилдингэд эхлээд дурласан уу? Нөхөртөө эхлээд дурлав уу?
Б.Уянга: Нөхөртөө дурлаад, дараа нь бодибилдингийн спортыг сонирхох болсон. Эхэндээ гүйлтийн зам дээр гүйж, сунгалтаа л хийдэг байлаа. Харин нөхрийнхөө яг хажууд нь байгаад, хамт хоолоо хийж, бэлтгэлдээ цуг яваад ирэхээр өмнө нь иддэг байснаасаа илүү эрүүл хооллож, өөртөө гаргах чанартай цагийг бий болгож чадсан. Дэг журамтай амьдралын хэв маяг маш их таалагдсан гэсэн үг. Их зорилготой болгочихдог нь таалагдсан юм. Урлаг тэр ч спорт ч тэр аль аль нь тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ энэ нь ялгаатай. Урлаг хүний биеийн хүчний тал дээр тэсвэр шаарддаг бол спорт сэтгэл зүйн хүч их шаарддаг.
-Эргэн тойрны хүмүүс нь хүүхэдтэй болохыг хэр их шаардаж байна вэ? Карьераа өсгөх тал дээр илүү анхаарч байгаа юм билээ. Хүмүүсийн шахалт дарамт болох асуудал тулгарч байна уу?
Б.Уянга: Эргэн тойрных гэхээсээ илүү би өөрөө хүүхэдтэй болохыг хүсэж байгаа. Тэмцээн болгоныхоо дараа, одоо завсарлаад хүүхэдтэй болъё гэдэг. Манай нөхөр мэргэжлийн хүн учраас хэр удаан бэлдэж байж энэ формдоо буцаж орохыг мэддэг. Цаг хугацаа, эдийн засаг гээд олон асуудал бий учраас, яг формтой үе дээрээ дайръя гээд л намайг дэмждэг юм. Бид хоёр энэ талаар маш сайн ярилцаад, одоохондоо карьераа эхэнд тавихаар шийдсэн.
-Найз бүсгүйгээ ийм амжилт гаргана гэж бодож байв уу? Бахархаж байна уу?
Э.Батдорж: Мэдээж найз охинтойгоо анх танилцаад, биеийнх нь хэлбэрийг харахад бикини ангилалд орох юм бол амжилт гаргах боломжтой гэж угаасаа л мэддэг байсан. Аль булчинг нь нэмбэл илүү хүчтэй харагдах гэдэг дээр л маш их боддог байлаа. Манай хүн анхнаасаа хичээллэж эхлэхэд Мистер олимпод дээгүүр жагсана гэж итгэж байсан. Энэ бол миний мэдрэмж. Яг тэр нөхцөлд ямар байхыг нь би мэдэхгүй л байна. Манай монголоос бодибилдингийн мэргэжлийн олимпод анх удаа л оролцох гэж байна. Энэ төрлөөр хичээллэж буй эмэгтэйчүүдийн багш дасгалжуулагчид өөрсдөө сайн суралцсан байгаад, их зүйлийг мэддэг байх хэрэгтэй.
Б.Уянга: Хосын хооронд янд бүрийн асуудал тулгарах нь мэдээж шүү дээ. Тэр болгонд миний нөхөр нэг зангаараа л байдаг. Үргэлж намайг ойлгож, хатуу үед зөөллөж, зөөлөн үед хурцалж өгдөг. Бас байнга миний талд бат зогсдог. Намайг хэн хүнээс илүү ихээр халамжилдаг. Юу ч болсон Батдорж гэдэг хүн миний ард зогсож, дэмждэг нь үнэхээр талархмаар. Би нөхрийнхөө алсын хараатай ухаалаг занд нь маш их хайртай.
-Энэ спортын төрлөөр хичээллэхээр эмэгтэйчүүд их эршүүд болоод байгаа юм шиг харагддан. Буцаад хэвэндээ ордог уу?
Э.Батдорж: Олон нийт бодибилдингийн төрлөөр хичээллэдэг эмэгтэйчүүдийг эрэгтэйлэг болоод байна гэдэг. Бикини ангилал бол тийм биш. Мэдээж алдаа оноо бий. Эрэгтэйлэг чанар нь гараад ирсэн эмэгтэйчүүдийг үгүйсгэхгүй. Ямар нэг алдаа гаргавал эрэгтэйлэг шинжтэй болсон эмэгтэйчүүд буцаад засардаггүй. Тиймээс багш дасгалжуулагч нь маш сайн мэдлэгтэй байх чухал.
-Тэмцээний туршид биенээ түшиж урам зориг авдаг учраас нэгэндээ их талархдаг байх. Тийм үү?
Э.Батдорж: Тэмцээн ч гэлтгүй бэлтгэл дээр хүртэл эхнэртээ их санаа зовдог. Өлсөж байгаа болов уу цангаж байгаа болов уу гээд өөрөө ч хоол идэж, ус уух сөхөөгүй явдаг. Болж өгвөл зөв зүйл идэж уулгахыг л хичээдэг дээ. Үргэлж хамт байдаг эхнэртээ маш их баярладаг. Цаашдын зорилго гэвэл топ тавд зогсох зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мистер олимп ирэх жилийн 10 дугаар сард болно. Бүх цаг үед төлөвлөгөөнийхө дагуу хичээллэж, энэ олимпдоо амжилт гаргахыг л бодож байна. Мөн монголдоо бодибилдингийн тамирчин бэлтгэх мэргэжлийн холбоог байгуулна.