УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Өнөөдөр чуулганы ирц 61.1 хувь байв.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Дэгийн тухай хуульд зааснаар долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална гэж заасан. Мөн Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн баталж санал хураалт явуулж болно гэж заасан" хэмээв.
Ийнхүү Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Уг хуулийн төслийн тухайд "Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоохыг хуулийн төслүүдэд тусгасан байна. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй" хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өмнө нь хэлж байв.
Өнөөдөр эцэслэн баталсан хуулиуд:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 93.2 хувийн саналаар
- Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар саналаар
- Нийслэл Улаанбаатар хотын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.2 хувийн саналаар
- Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.2 хувийн саналаар
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 93.3 хувийн саналаар
- ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 91.1 хувийн саналаар
- ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87 хувийн саналаар
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 93.5 хувийн саналаар тус тус эцэслэн батлав.