Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-т тогтоолыг өнгөрөгч 2022 оны хаврын чуулганаар баталсан. Уг тогтоолын хүрээнд гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний экспортыг дэмжих, импортын хамаарлыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэж байгаа.
Жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа ч махны экспортын чиглэлд үр дүн гарч эхлээд байна. Манай улс өнгөрөгч 2022 онд 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспорт хийсэн. Харин энэ оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 260 сая ам доллароор экспорт хийжээ. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 2.6 дахин нэмэгджээ.
Хүнсний 36-р тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүнийг цахимаар экспорт хийх боломжийг судлан “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэн энэ оны 7-н сараас махны экспортын гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн. Цахим болсноор 99 аж ахуй нэгжийн 265 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлээд байна. Экспортын нэг цонхны системээр энэ оны долоодугаар сарын 1-ээс хойш гурван сарын хугацаанд 11,384 тонн махыг экспорт хийжээ.
Хүнсний 36-р тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүний салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд хөнгөлттэй зээлд хамрагдсанаар шинэ үйлдвэр, тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талаар бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна. Энэ онд мах экспортлогч 25 аж ахуй нэгжид 57.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлийг олгоод байна.