Мисс М.Дашбалжид зургаан жилийн турш бусдын хов яриа, худал мэдээллийн бай болсоор ирсэндээ бухимдаж буйгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ. Загварын салбарт хөл тавьсан цагаас нь эхэлж түүнийг олон эрэгтэйчүүдтэй холбож, нэр хүндийг нь гутааж байсны уршгаар тэр нөхрөөсөө салахад хүрсэн байна. Олны хэл ам, үндэслэлгүй хов ярианаас үүдэж хичнээн хүн, хэрхэн хохирч, сэтгэлийн зовлонд унадаг талаар бид ярилцлаа.
-Өдрийн мэнд. Та өөрийнхөө тухай яриач? Сүүлийн үед юу хийж байна вэ?
-Сайн байна уу? Намайг Дашбалжид гэдэг. Одоо 26 настай. Загварын салбарт зургаан жил ажиллаж байгаа. Үндсэн мэргэжил маань гэвэл маркетингийн менежер. Би хоёр настай хөөрхөн охинтой ээж хүн л дээ. Миний хувьд одоогоор сурч байгаа. Хуулийн чиглэлээр дахиад суръя гэж шийдсэн юм.
-Цахим хуудсандаа нэлээн бухимдалтай нийтлэл оруулжээ. Юу болсон юм бэ?
-Загварын салбар гэхээр монголчуудад тогтчихсон нэг ойлголт байдаг шүү дээ. Олны нүдэн дээр байдаг, арга хэмжээнд их очдог болохоор тиймэрхүү санал байнга ирдэг нь үнэн. Онцгүй, худал яриа ч байнга дагаж явна л даа. Намайг анх энэ салбарт орж ирж байхад тэгж ярьдаг л байсан. Хүмүүсээс би байнга сонсдог юм. Ярилцаад суухаар л “чамайг хүмүүс тэгж ярьдаг байсан чинь, чи чинь шал өөр хүн байна” гэдэг үг би маш их сонсож байсан. Тэмцээнд яваад ирэнгүүт л ямар мөнгөөрөө явдаг юм. Сайн ах нь л явуулж байгаа биз гэдэг яриа маш их гарна. Цаана нь миний төлөө гүйж байсан эгч маань, ээж маань яаж хийгээд болохоосоо болохгүй хүртэл хичээгээд явж байгааг хэн ч мэдэхгүй. Өр зээл тавих үедээ тавина. Өөрөө үнэхээр дуртай, хайртай учраас л бүх зүйлээ зориудаад дурандаа л ингээд явж байгаа.
Эмэгтэй хүн, ялангуяа хайрлаж, хүндэлж байсан хүнээсээ “янхан” гэдэг үг сонсохоор сүүлдээ тэсэхээ больж байгаа юм. Тэр тухайгаа пост бичсэн хэрэг. “Тэр чамайг тэгсэн гэсэн” гэдэг яриа үнэндээ утгагүй байна.
Хамгийн аймшигтай нь өчигдөр, “чиний үнэ ханштай каталог байна билээ. Тэрийг нь би харсан”, “Чиний хүнтэй хэдэн төгрөгөөр уулздаг” гэж бичсэн мессежийг чинь би харлаа гэж байгаа юм. Үүнийг сонсоод өчигдөр шөнөжин би уйлж хонолоо.
ОЛОН ЗҮЙЛИЙГ ЗОЛИОСОЛЖ ОЛСОН НЭР ХҮНД МААНЬ ТАВАН СЕКУНДЫН ХОВ ЯРИАГААР АРЧИГДАЖ БАЙНА
Би одоо хүүхэдтэй. Миний охин цэцэрлэгт явж байна. Наад зах нь миний охины ангийн хүүхдүүд нь юу гэж бодож байгаа бол. Миний охин том болоод ийм яриа чихэнд нь сонсогдчихвол надад маш муухай. Тэгж бодохоор л миний сэтгэл өвдөөд байна. Золиослон барин төдийгөөс өдий хүрсэн нэр хүнд маань одоо хэн нэгний таван секундын амны яриагаар арчигдаад, үүнээс гадна өөрийнхөө амьдралыг золиослоод, хохироод явж байгаа нь надад бол үнэхээр муухай л байна.
-Бусдын хэл амыг олон жил тэвчжээ. Охинтой болчхоод байхад энэ яриа тасрахгүй болохоор бүр хүнд тусаж байна уу?
-Хүний нүд рүү нүүр бардам харж ч чадахаа больчихлоо. Заримдаа их хэцүү шүү дээ. Энэ ингэдэг гэсэн гээд л. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би нам гүм байгаагүй л дээ. Дандаа л хэл аманд өртчихдөг байсан. Би заримдаа гайхаад байдаг юм. Яагаад зүгээр байж байгаад л хэл аманд орчихдог юм бол гээд.
-Гэр бүл салалт нь хүмүүсийн хэл ам, хов живнээс болсон уу?
-Тийм. Тэр хүнд ээж, гэр бүл, хамаатан гэж хүмүүс байгаа шүү дээ. Бэрийг нь ирээд л муулаад байхаар таатай биш л байсан байх. Үнэхээр би 570 унаад л, хэдэн өрөө хаусанд амьдраад байгаа юм байхгүй. Адилхан л залуу хүн. Түрээсийн байранд амьдраад, машинаа лизингээр авсан. Адилхан приүсээ унаад л явж байна. Хүн харахад надад нэг их үнэтэй овоож оцойсон юу ч байхгүй. Гол нь эмээ, өвөө, аав, ээж маань энэ ярианд итгэчих вий гэж дотроо санаа зовдог.
-Бусдад хандаж юу хэлмээр байна вэ?
-Нэг хов ярианаас болоод хүн ямар их сэтгэл зүйн траума аваад, хүний амьдралыг яаж хохирч болох билээ гэж боддог баймаар… Тиймээс амнаас гарах үгээ цэгнэж хэлж байгаарай. Биедээ жаахан хайртай байгаарай. Тэртээ тэргүй амьдрал хатуу шүү дээ. Хүн болгон гэмтэж л амьдарч байгаа. Тийм байхад нэгнээ битгий муухай зүйл рүү бүү түлхэж байгаарай гэж хэлмээр байна.