Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас “Мэргэжилтэй орлоготой залуус” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хороо тус бүрээс нэг залууг сонгон авч хүнд машин механизмын операторын сургалтад үнэ төлбөргүй суулгаж байгаа юм. Мөн залуусыг сургалтаа дүүргэх үед ажлын байраар хангана гэдгээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийлсэн юм. Тэрээр "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Мэргэжилтэй орлоготой залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. СХД-ийн 43 хороо тус бүрээс залуучуудын ярилцлагад оруулж нэг залууг сонгон авсан. Энэ хөтөлбөрт 70 залуу бүртгэгдсэн. Эдгээрээс ярилцлага авч 43 залууг сонгож Техник Технологийн Политехник Коллежид суралцуулна. Ингэхдээ хүнд машин механизмын операторын сургалтад суулгана. Энэхүү мэргэжлийг эзэмшсэнээр залуучууд маань он гараад ажлын байр нь дээр гарах бүрэн боломжтой болж байна. Бид бүхэнтэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт уул уурхай хүнд машин механизмын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хоёр аж ахуйн нэгж ажиллаж байна. Энэ компаниуд нь суралцаж, төгссөн залуусыг шууд ажлын байраар хангахаа илэрхийлж, хамтран ажиллах санамж бичгээ байгуулсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ 43 айл, өрх орлоготой болж амьдрал нь бодитоор ахиц, дэвшил гарна гэж үзэж байна" гэлээ.
Техник Технологийн Политехник Коллежийн захирал Ц.Баярмаа "Өнөөдөр техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт 212 хөтөлбөр хэрэгждэг. Үндсэндээ Монгол Улсын хэмжээнд 77 мэргэжлийн сургууль болон техник коллеж эдгээр хөтөлбөрөөр сурагчдаа бэлтгэдэг. 212 хөтөлбөр нь 16 салбарт байгаа сургалтын хөтөлбөрүүд юм. Үүн дотроос хамгийн их эрэлтэй, тэргүүлдэг мөн Монгол Улсын үндэсний хэмжээний урт хугацааны хөгжлийн бодлогод орчихсон мэргэжил нь уул уурхайн мэргэжил байгаа. Үүн дотроо хүнд машин механизмын оператор бол хамгийн их эрэлттэй байдаг мэргэжил мөн. Манай сургуулийн хувьд боловсролын үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэдийг хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр хамтарч ажилладаг олон байгууллага бий. Гэхдээ ихэвчлэн аж ахуйн нэгж, компаниудтай хамтардаг байсан. Энэ удаа Сонгинохайрхан дүүрэгтэй дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бас энэ төсөл дээр хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Залуучууд хүсэл эрмэлзэлтэй ажил амьдрал бэлэн байх чадамжийг нь эзэмших нь хувь хүн өөрөөс нь шалтгаалдаг. Өндөр бүтээмжтэй ажилтан байх нь маш чухал байгаад байна. Энэ чиглэлээр үйл ажиллагааг хийхэд зориулагдсан сургалтын орчин нөхцөл сайн инженер багш нар сайн хөтөлбөрийг бол хэрэгжүүлнэ. Энэ тал дээр хамтарч ажиллахдаа туйлын баяртай байгаа" гэв.
Сонгинохайрхан дүүрэг 8 хорооны иргэн О.Пүрэвдаваа "Сургалтаа амжилттай төгсөж ажлын байран дээр гарна гэдэг цаашдаа нийгмийн даатгал төлнө гэсэн үг. Хамт олонтой болно. Коллежийн нийт багш нар болон хамт олондоо маш их баярлаж байна. Хүмүүс нэг жил таван сар сураад төгсдөг энэхүү сургалтыг багшийн шахсан хуваарийн дагуу өглөө 7 цагаас орой 4.30 хүртэл хичээллэж байна. Багш нар уртасгасан цагаар хичээл орж 40 гаруй залуучуудыг маш сайн мэргэжилтэй оператор болгохын төлөө зүтгэж ажиллаж байгаа. Сургалтдаа явж байгаа бүх залуусаа уриалмаар байна. Хичээлээсээ битгий хоцроорой. Ямар нэгэн байдлаар ёс зүйн зөрчил битгий гаргаарай. Ийм гоё боломж гаргаж өгч байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргадаа баярлалаа гэж хэлмээр байна" хэмээлээ.