Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ойрын хоногуудад цаг агаар тогтуун байх ч арванхоёрдугаар сарын 5-наас хүйтний эрч чангарч эхэлнэ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-арьгангын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 4, 7-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Арванхоёрдугаар сарын 4-нд хүйтний эрч сулавтар байх боловч, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -23…-28 градус хүрнэ.
Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ