Спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товложээ. Өнгөрсөн жил хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан юм.
Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн.
Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
Оны шилдгүүдэд нэр дэвшдэг тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг. Тухайлбал спортын сэтгүүл зүйд мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, уран бүтээлээ туурвидаг спортын сэтгүүлчид оны шилдгийг тодруулах санал асуулгад оролцож саналаа өгдөг юм.