Бид энэ удаа “Гоёл-2023” наадмын шилдэг загвар өмсөгч, мисс Н.Анутай ярилцлаа. Арав гаруй жил загварын салбарт зүтгэж буй тэр өөрийн амжилт болоод зорилгынхоо тухай ярьсан юм.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Сайн байцгаана уу? Би мисс Ану байна. 2010 оноос хойш буюу 19 настайгаасаа загвар өмсөж байгаа. Дизайнер мэргэжилтэй. Одоо нөхөртэйгөө интерьер дизайны чиглэлээр ажиллаж байгаа. Гоёл наадам маань 1988 оноос хойш зохион байгуулагдсан. Бид бүхнийг төрөхөөс өмнө гэсэн үг шүү дээ. Миний бие зургаа дахь жилдээ оролцлоо. 2016 оноос хойш орсон. Анх 2016 онд ороод,”Шилдэг фото модел”-ийн шагнал авсан бол энэ жил “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарлаа. Монголын дизайнеруудын холбоондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Загвар өмсөхөд тань юу нөлөөлөв өө?
-Загвар өмсөгч хүн тайзны алхаа, харц, өгүүлэмжээр тайзан дээрээс дизайнеруудын хувцсыг үзэгчдэд хүргэх үүрэгтэй. Иймээс маш их чадвар шаардсан ажил байдаг. Миний хувьд харц болоод техник хамгийн чухал гэж боддог. Манай ээж над шиг өндөр, бас царайлаг, үнэхээр гоо бүсгүй байсан юм. Тэр үед нь загвар өмсүүлэхээр нэг хүн уриад, анх “Гоёл”-ын тайзны ард очиж байсан гэсэн. Тэр үедээ жирэмсэн байсан юм билээ. Жирэмсэн гэдгийг нь дизайнер Соёлмаа эгч харчхаад, “энэ охин жирэмсэн байна” гээд хэлсэн учраас ээж маань ичээд ч юм уу, загвар өмсөж чадаагүй. Гэдсэндээ байсан тэр үйл явдлаас эхлээд миний загварын амьдрал эхэлсэн гэж боддог. Энэ түүхийг маш олон удаа сонсож байсан. Би оюутан байхдаа маш даруухан охин байсан. Улмаар өөртөө итгэлтэй болж, алхаа гишгээгээ засахын тулд анх Монгол модел агентлагт очиж байсан.
-Салбартаа нэлээн дуртай бололтой. Тийм үү?
-Загвар бол миний дотоод ертөнцтэй яв цав нийцдэг. Олон амжилт гаргаж, Монголынхоо нэрийг дэлхийн давцанд дуудуулахыг маш их хичээж, өөрийнхөө хэмжээнд бага ч гэсэн амжилт үзүүлсэн. Би өөрийгөө зөвхөн модел төрхтэй, загвараараа явна гэж боддог байсан бол Мисс Монгол-2013 тэмцээнд ороод Монголын мисс болж байсан. 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд орох үнэхээр гайхалтай, өөрийнхөө хамгийн том түүхийг бичсэн үйл явдал байсан. Хамгийн сүүлд Miss Tourism Queen International тэмцээнд тэргүүн байрын шагнал авсан. Энэ нь том амжилтуудын нэгд ордог байгаа. Тэр үед бол яг л үүлэн дээгүүр хөвнө гэдэг шиг, хөл мэдээгүй болчихдог юм билээ.
-Аливаа зүйл харагддаг шигээ сайхан биш байдаг шүү дээ. Та шантарч байв уу?
-Үргэлж гэрэлтэж, амжилттай явдаг хүн бол ховор. Амжилтад хүрэх хэцүү. Харин хүрсэн хойноо тэр амжилтаа үргэлжлүүлж, тууштай авч явах нь жинхэнэ амжилт гэж миний хувьд боддог. Мэдээж шантрах зүйл зөндөө гарна. Би саяхан хоёр охинтой болсон. Нэлээн сүүлд ээж болсон хэрэг. Яг ээж болсны дараа загварын карераа буцаад эхлүүлэх үнэхээр шантармаар байсан. Яагаад гэвэл би цаанаа нэг тийм зөөлөн болчихсон. Бие галбирын хувьд ч тэр залуу охидууд шиг байж чадахгүй учраас энэ үеийг давж гарах үйл явц маш хэцүү байсан. Сая Гоёл наадамд оролцохдоо сойсон морь гэдэг шиг буцаад хэвэндээ орж, залуу байхын гал цогоо буцааж авч чадсан.
-Өөрөөрөө бахархах, өөртөө талархах хамгийн том гавьяа тань юу вэ?
-Бусад хүмүүст баярлалаа гэж маш их хэлдэг. Гэхдээ өөртөө хэлж байгаагүй юм байна. Өөрөөрөө хамгийн бахархдаг зүйл нь загвар өмсөгч болоод миссийн нэр төрийг маш цэвэр, үнэн шударгаар авч явахыг хичээдэг явдал байх. Үүнд баярлалаа гэж өөртөө хэлмээр байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.