Гурван жилийн турш үргэлжилсэн уг шүүх хурлаар “Ндрангета" мафитай холбоотой гэх хүмүүсийг дээрмийн гэмт хэргээс эхлээд хар тамхины наймаа хүртэлх гэмт хэрэгт буруутган шийтгэсэн байна. Шийтгүүлсэн хүмүүсийн дунд Италийн сенатч асан байсан ч шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой хэвээр байна.
"Ндрангета" нь Европын хамгийн нөлөө бүхий гэмт хэргийн байгууллагуудын нэг юм. Энэ мафийн үйлдсэн гэмт хэргүүд Италийн өмнөд хэсгийн улс төр, нийгэмд өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлж байсан. Тухайлбал, орон нутгийн албан тушаалтнууд, бизнесменүүд, улс төрчид зэрэг цагаан захтнуудыг ялласан нь зохион байгуулалттай гэмт хэрэг Италийн төрийн институциудад асар их нөлөө үзүүлж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
Ял сонссон хүмүүсийн дунд ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн “Forza Italia” намын сенатч асан, хуульч Жианкарло Питтелли багтжээ. Ж.Питтелли нь мафитай тохиролцсон хэргээр 11 жилийн хорих ял авчээ. Шийтгүүлсэн бусад хүмүүсийн дунд төрийн албан хаагчид, эдийн засагчид байсан нь мафийн бүлгүүд төрийн институцид нэвтрэн ороход саадгүй байсныг илтгэж байна.