ChatGPT-г үүсгэн байгуулагч “Open AI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман ажлаасаа гэнэт халагдлаа. Тус компанийн удирдах зөвлөл Сэм Алтманыг хангалттай чадвартай гэж үзээгүйн улмаас ийм шийдвэр гаргаснаа тайлбарасан байна. Тодруулбал, Сэм Алтман компанийн удирдах зөвлөлтэй харилцаа холбооны хувьд илэн далангүй байж чадаагүй нь түүнийг халахад нөлөөлсөн гэв.
ChatGPT-г олон нийтэд танилцуулснаас хойш Open AI хийгэд Сэм Алтман дэлхийн хиймэл оюуны хөгжлийг тодорхойлогч болсон гэхэд буруудахгүй. Өдгөө 38 настай тэрбээр Open AI компанийг хөгжүүлэхэд чухал үүрэг оролцоотой нэгэн байсан юм. Сэм Алтманыг хиймэл оюуны салбарын чухал төлөөлөгч болсон гэдэгтэй салбарынхан нь ч маргах нь цөөн.
Цахим хуудаснаа тэрбээр “Хувь хүний хувьд ч, дэлхийд ч тодорхой өөрчлөлт авчирсан цаг хугацаа байлаа. Маш олон чадварлаг хүнтэй ажилласан нь миний хувьд хамгийн том амжилт байлаа гэж харж байна. Дараагийн ажлаа удахгүй танилцуулна гэж найдаж байна” гэжээ.
Харин компанийн удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд түүний хиймэл оюуны хөгжилд үзүүлсэн хувь нөлөөг үнэлж байгаа ч шинэ тэргүүлэгч хэрэгтэй болсон гэдэгт итгэж байгаа талаар бичсэн байна. Түүнийг гэнэт халсан шийдвэр технологийн салбарын дунд томоохон маргаан өдүүлээд буй. Тухайлбал, Гүүглийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт “Сэм Алтман бол миний баатар. Тэр дэлхийд томоохон өөрчлөлт авчирсан. Цааш юу хийх бол гэхээс хүлээж тэсэхгүй нь” гэсэн бол түүнийг халсан шийдвэр гарсны дараахан Open AI-ыг хамтран үүсгэн байгуулагч Грег Брокман ажлаас гарах хүсэлтээ өгчээ.