Катарын Доха хотноо оюутны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Энэ сарын 10-12-нд болох тус тэмцээнд дэлхийн эрэгтэй 12, эмэгтэй 12 шилдэг багийн тамирчид урилгаар оролцож байна.
Энэхүү 24 багийн тоонд Монгол Улсын “Роял” олон улсын их сургуулийн эмэгтэй баг орсон. Багийн ахлагчаар МОСХ-ны УЗ-ийн гишүүн М. Өсөхбаяр, “Роял” ОУИС-ийн дасгалжуулагч С. Тулга нар томилогдон явсан. Тамирчдын бүрэлдэхүүнд А. Хонгорзул, Б. Нямцэцэг, Б. Энхтуул, Э. Нарангоо нар орсон байна.
Баг тамирчдыг Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулан ОУОСХ-ноос явуулж буй энэхүү тэмцээнд оролцуулж, тамирчдын зардлыг хариуцан гаргаж байгаа ажээ. Роял ОУИС-ийн эмэгтэй баг нь 2022 оны Турк улсад болсон өнгөрсөн оюутны ДАШТ-д амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн тул энэ амжилтаараа 2023 оны тэмцээнд хүндэтгэлтэйгээр уригдах болжээ.
Тэмцээний дүрэм ёсоор 12 багууд 4 хэсэгт 3-н багаар хуваагдан тоглоно. Эмэгтэй “А” хэсэгт Иран, Мексик/ Монтерири/, Украйн “С” хэсэгт Егиет, Шинэ Зеланд, Катар “Д” хэсэгт Румын, Австрали, Хятадын Тайваны багууд оржээ.
Харин Монголын баг тэмцээний “В” хэсэгт Мексик, Кени улсын багуудтай сугалаа таарчээ.
Тэмцээнийг Олон улсын оюутны спортын холбооны fisu.tv сувгаар шууд үзэх боломжтой.
Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Монголын Оюутны Спортын Холбоо