Манай улсад тэр дундаа нийслэл хотод жолооч бэлтгэх сургалтууд борооны дараах мөөг шиг олширсон. Хамгийн гол нь эдгээр сургалтын байгууллагууд "Чадвартай, чанартай жолооч" бэлтгэж чаддаг уу гэдэг асуудал бүрхэг хэвээр. Энэ талаар чанарын нарийвчилсан тоон судалгаа ч байхгүй гэхэд бараг хилсдэхгүй.
2023 оны эхний есөн сарын байдлаар Улаанбаатар хотод 34,378 хүнээс замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалт авахад тал хувь нь буюу 15,935 нь бүдэрчээ.
Энэ онд гэхэд л жолооч бэлтгэдэг сургалтын байгууллагуудаас нийт 25-ынх нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалжээ. Харин өнгөрсөн онд Тээврийн цагдаагийн алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг Улаанбаатарт нэгдсэн шалгалт явуулсны үр дүнд 49 жолооны сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түр цуцалсан гэж ХНХЯ-ны ХНХ-ын Сургалт, үнэлгээ, судалгааны институтээс мэдээлж байна.
Шаардлага хангаагүй эдгээр сургалтын байгууллагын дийлэнх нь 1-2-хон багштай л байдаг аж. Жолооны сургалтын байгууллагуудын зөвшөөрлийг цуцлахын тулд үйл ажиллагаанд гарсан зөрчил, сургалтын орчин, суралцагчдаас ирүүлсэн гомдлыг харгалзан үздэг байна.
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн мэдээллээр орон нутагт шалгалт өгч буй хүмүүс нийслэлийнхээс илүү өндөр хувьтай тэнцдэг гэнэ. Харин Улаанбаатарчууд замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтад хамгийн их унаж байгаа аж.