Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-д төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл Вьентьян хотноо очоод байна.
Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Манай улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтан авсан байна.