Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ долоо хоногоос цас ихээр орох талаар ЦУОШГ-аас мэдээлсэн. Үүнийг дагаад замын халтиргаа, түгжрэл, осол гэх мэт асуудлууд биднийг хүлээж байдаг. Тэгвэл халтиргаатай зам дээр машинаа хэрхэн жолоодвол зөв болох талаар зөвлөгөөг Тээврийн Цагдаагийн Албанаас өглөө.
- Замын нөхцөл байдал нь машин ашиглалтад төдийгүй, жолоочийн бие, сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Эвдрэл, тэгш биш байдал, дэржигнүүр, өгсүүр, уруу, халтиргаа зэрэг янз бүрийн хүндрэлтэй нөхцөлүүд нь замын хөдөлгөөнийг үнэлж дүгнэхэд хүндрэл учруулаад зогсохгүй жолоочийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй. Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулж улмаар аюулд хүргэж болдгийг Герман улсын эрдэмтэн Дитер Клебельсберг нотолсон байна.
- Нэг жилд гарч байгаа зам тээврийн ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай нөхцөлөөс үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзжээ. Халтиргаатай нөхцөлд автомашины тоормосны зам 3-4 дахин ихсэж, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ цагийн хурдтай явж байсан автомашины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг ажээ.
- Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад автомашин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай.
- Замын халтиргаатай хэсэгт авцуулах холбоо салгаж огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Автомашины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүр өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгал руу шахаж оруулах юмуу замаас гаргадаг гэдгийг санах хэрэгтэй.
- Автомашины шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг. Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормос хэрэггүй гэж хэлэхэд болно. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй, автомашин чигээ өөрчлөхгүй гулсана. Үүнийг тайлбарлах маш энгийн жишээ бол мөсөн дээр гулгах. Хөлийн тавхайн байрлалаас хамаарч гулсах чиг өөрчлөгддөггүй. Тоормос гишгэсэн үед автомашины гулсах хөдөлгөөн яг үүнтэй адил юм. Харин тоормос гишгэхээ болих үед дугуй эргэх хөдөлгөөнд орох тул жолооны хүрдний байрлалаас хамаарч автомашины чиг өөрчлөгдөнө.
- Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэх нь бас нэг бэрхшээл юм. Энэ бэрхшээлийг давахын тулд бага зэрэг “Онолдох” шаардлага гарч байна. Автомашиныг хөдөлгөхөд зүтгэх хүчний хэмжээ нь дугуйн дороос тулах хүч, барьцалтын коэффициент хоёрын үржвэрээс их байх, зогсох үед зүтгэх хүч нь барьцалтын хүчнээс бага байх шаардлагатай. Энэ харьцаа алдагдвал автомашин шарвах буюу дороо хий эргэдэг.
- Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэхэд хамгийн гол нь “Хөдөлгүүр-авцуулах холбоо-дугуй-зам” гэсэн системд хий эргэх нөхцөл бүрдүүлэхгүй байх явдал. Ингэхийн тулд авцуулах холбоог яг залгагдах агшинд /үрэлтийн момент нь эсэргүүцлийн моменттой тэнцэх үе/ түүний дөрөөг аажмаар авах буюу холимгийн дөрөөг үл ялих буцаах шаардлагатай.
- Мөн араа хүндрэх тусам дугуйн эргэлтийн момент их байх тул туршлагатай жолооч аль болох хөнгөн араагаар хөдлөхийг хичээдэг. Дээрх, онолын болон практик аргуудыг эзэмшвэл хир баргийн халтиргаатай замд тевөггүй хөдлөх боломжтой.
- Аюулгүй байдал нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учир цоо шинэ дугуйд ч 100 хувь найдах хэрэггүй. Халтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Замд гарахын өмнө дугуйн хээ, чанар, хийн даралтын хэмжээг шалгаж үзэхэд ер илүүдэхгүй. Чанар муутай, хээ нь элэгдсэн дугуйн барьцалдах чадвар сул байдаг тул аюулд хүргэж болно.
- Зам дээр тогтсон усан дээгүүр гарах үед зам дугуй хоёрын хооронд усан давхарга бий болох тул барьцалтыг ихээхэн хэмжээгээр бууруулна. Энэ үед зам дугуй хоёр шууд харьцахгүй учир гулгасан мөр үүсдэггүй. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн жин бараг нөлөөгүй. Харин усны гүний хэмжээ нь дугуйны хээний гүнээс бага бол дээрх хүндрэл багасдаг.
- Зөвхөн урд дугуйд акваплан үүсэх үед автомашин шулуун чигээ төдийлөн алдаад байдаггүй. Харин хойд дугуйд акваплан үүсэх тохиолдолд шарвах нөхцөл бий болдог. Энэ нь урд дугуйн хээ хойд дугуйныхаас гүн байх тохиолдолд бий болдог үзэгдэл юм. Иймд дугуйн хээний хэлбэр, хэмжээ бүх дугуйд ижил байхаас гадна хийн даралт тогтоосон хэмжээнд байх ёстой.
- Тоормос бүх дугуйндаа жигд барьж байна уу, автомашин шулуун чигээ хадгалж байна уу, тодорхой зайд зогсож байна уу гэдгийг замд гарахын өмнө зайлшгүй шалгах шаардлагатай. Гэхдээ шалгах орчинд аюулгүй байдал хангагдсан байх ёстой гэдгийг сайтар санаарай. Зарим тохиолдолд замын гадаргуу нь хэвийн мэт харагдах боловч чийг, цан цохисон юмуу бусад шалтгаанаар зорчих хэсэг халтиргаатай болсон байж болно. Учир нь зам зөвхөн цас, мөсөөр хучигдсанаар халтиргаатай болчихдоггүй.
- Зам дээр навч унах, шингэн асгарах зэрэг нь халтиргаа үүсэх нөхцөл болохоос гадна замын температур ч зам дугуй хоёрын барьцалтад нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Зам халтиргаатай байгаа эсэхийг шалгахын тулд заавал автомашинаас буух шаардлагагүй, холимгийн хаалтын дөрөөн дээр огцом гишгээд үз, эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэнгээ тоормос гишгээрэй. Эдгээр үйлдлийг хийхэд автомашин “дуулгавартай” байвал замын нөхцөл хэвийн байна.
- Харин автомашины дугуй хий эргэх буюу шарваж байвал зам халтиргаатай байгааг анхааруулж байгаа нь тэр. Энэ “туршилтыг" хийхэд орчны аюулгүй байдал туйлын чухал гэдгийг хэлүүлэх юун. Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч аюулгүй байдал үүгээр бүрэн хангагдчихдаггүй нь харамсалтай. Хадаастай дугуйг 1960 онд анх туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, ийм дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ. Мөн ийм дугуйтай автомашины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь зохимжтой гэж үзжээ.
- Зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийн эхэнд “Хурд”-ыг онцолж болно. Халтиргаатай замд өндөр хурд их аюул дагуулна. Учир нь тэгш хуурай асфальтан замын барьцалтын коэффициент 0.6-0.8 байдаг бол цастайд 0.2, мөстэйд 0.1 байна.
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасан. Гэтэл халтиргаатай замд өндөр хурдтай явснаар тээврийн хэрэгслийг зогсооход цаг хугацааны болон орон зайн боломжгүй болж, замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Хурд хэт бага байх нь орчин үеийн замын хөдөлгөөний шаардлагад төдийлөн нийцээд байдаггүй ч Монгол Улсын нөхцөлд, тэр тусам халтиргаатай замд нэг их муу зүйл биш.
- Ромын зохиолч, улстөрч Плинийн “Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй” гэсэн үг бий.