Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болох байсан ч, дахин хойшлогдож ирэх сарын 1-нд болохоор боллоо.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг шүүх хурал болох мэдээллийн дагуу Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийг зорьсон юм. Шүүх хурал 11 цагт эхэлсэн тухай хамгаалалтын ажилтан бидэнд хэлж, шүүх байр луу нэвтрүүлэхгүй гээд, хашааны гадаа хүлээхийг шаардлаа. Ингээд төд удалгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар хурал хойшилсон гээд гарч ирэхтэй таарсан юм. Бид түүнээс хэргийн талаар цөөн зүйлийг тодрууллаа.
-Хурал хойшлох болсон шалтгаан юу вэ?
-Шүүгчээс очиж асуухгүй юу.
-Олон удаа хойшилж байна. Энэ удаагийн шалтгаан нь юу вэ?
-Үгүй ээ. Хоёр удаа л хойшилж байна. Бас л хэрэгтэй танилцах шалтгаанаар хойшиллоо. Шинэ өмгөөлөгч ажиллаж байгаа шүү дээ. Зарим өмгөөлөгчдөд нь хойшлуулах элдэв шалтгаан байгаа биз. Би явлаа.
-Шүүгдэгч өөрөө “Би буруугүй ээ” гээд хорих ангиас захидал хүртэл бичсэн байсан. Яагаад энэ удаан хугацааны турш асуудал шийдэгдэхгүй, шүүх ажиллагаа үргэлжлээд байгаа юм бэ? Асуудал юунд байна вэ?
-Асуудал мэдээж ээдрээ төвөгтэй учраас шүүх хуралдаан сунжирч байгаа биз. Мэдээж шүүгдэгч далай лам руу захидал бичсэн. Нэвтрүүлэг хийсэн гэдэг асуудлаар тайлбар өгсөн байна билээ. Тэр нь биднээс шалтгаалахгүй шүүгдэгчийн өөрийнх нь асуудал. Бид хорих ангиас бичсэн тэр захидлын талаар мэдээгүй. Өчигдөр л сониноос уншлаа. Тэр бол хүний эрхийн асуудал. Юугаа мэдээлнэ үү. Юу бичиж нийтлэх нь бидний асуудал биш. Эрхээ хамгаалах нэг хэрэгсэл нь гэж ойлгож болно. Түүнийг хэн нэгэн хуульч, аль нэгэн төрийн байгууллага хянах боломжгүй.
-Хэрэг дээрх байр сууриа та илэрхийлээч?
-Би байр сууриа хэвлэлээр илэрхийлчисэн. Нэг удаа. Цор ганц удаа.
-Түүнийг уншсан л даа. Гэхдээ түүнээс хойш цаг хугацаа өнгөрч, олон зүйл өөрчлөгдлөө шүү дээ.
-Тэр ээж аав нь хэвлэл мэдээллээр далай ламд бичсэн захидлыг нь тавьчихсан байна билээ. Тийм хэрэг байдаг бол захидал харилцаа бичихээ монголчууд болих хэрэгтэй. Захидал бичсэний төлөө, сонгуулийн нэвтрүүлэг хийсний төлөө хүнийг шоронд хийж болохгүй. Тийм л асуудлаар би байр сууриа илэрхийлсэн. Манай хуульчид дэндүү их хоцрогдсон байна. Хуульч байтугай өмгөөлөгч нь ч энэ талаар мэдээлэл муутай юм. Тийм учраас хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэхгүй бол энэ ардчилсан төр биш.
Манайд нэг буруу зүйл бий. Шүүгдэгч хүн өөрийн нууцыг хадгална гэдэг ойлголт байхгүй. Хуулиар байж болохгүй. Гэтэл манайхан өөрийн чинь хэргийг мөрдөж байгаа учраас хэргийн талаар задалж болохгүй гээд баталгаа авсан байгаа юм. Энэ бол буруу. Манай хуулийн алдаа тэнд байна.
-Шүүгдэгчийг хэрэгт унагаахаар олон жил төлөвлөсөн гэж бичсэн байсан. Энэ бүхний зорилго нь юу байж болох вэ?
-Хэн захидал бичсэн юм. Тэр хүнээс нь асуу л даа. Би захидал бичээгүй. Харин би ганц л зүйл бичиж байна. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх асуудал нь тэр хүний хувийн эрх. Тэрний төлөө хүнийг шийтгэж болохгүй л гэдгийг хэлж байна. Хүний эрхийн салбарт мэргэшсэн хуульчийн хувьд шүү дээ. Энэ салбарт манай хуульчийн, мөрдөн байцаагчийн, өмгөөлөгчийн мэдлэг үнэхээр сул дорой байгаа юм. Жишээ нь Хятадад далай лам руу захидал бичвэл шийтгэдэг байж болох юм. Монголд ийм байж болохгүй гэж би хэлээд байна.
Тэрийгээ та нар сайн унш. Хоёр өөр зүйл бий. Хятад нь далай ламтай ажиллаж болохгүй гээд шаарддаг гэнэ. Тэгвэл Ц.Хулан, “Та манай аравдугаар Богдыг сонгоод өгөөч ээ. Монголоос…” гээд хүссэн. Тэр ялгааг та нар харж чадахгүй бол сенсаци, дуулиан шуугианы төлөө гүйх хэрэггүй.
-Байр сууриа илэрхийлж болоод байдаг. Энэ асуудлыг эцэслэх баримт яагаад гаргаж ирэхгүй байна вэ? Эхийн сүү, эцгийн нэр хүнд баримт болж чадах юм уу?
-Хангалттай баримт байгаа. “Төрд шүглэсэн зэтгэр”, “Аравдугаар Богдын наймаа” нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал зэргийг үндэслэн шийтгэх гээд байна. Өөр ямар ч нуусан, далд хийсэн баримт байхгүй. Тэрийг ярьж болохгүй үүрэг нь бидэнд байгаа юм. Нийгэмд ил болгосноос бусдыг нь. За баярлалаа баяртай.
Яруу найрагч Ц.Хулан хорих ангиас бичсэн захидалдаа, “2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтдаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашнаа хамгаалах л гэж үзэл бодол хэвлэн нийтлэх эрхээ эдэлж “Төрд шүглэсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан. Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчхоод байна” гэж бичсэн. Түүний өмгөөлөгч ч мөн хэргийн цөм нь дээр дурдсан асуудал, далд хийж, нуусан баримт байхгүй гэж мэдээлсэн ч ил болсон баримтаас бусдыг нь би нуух үүрэгтэй гэх хоёр үзүүртэй мэдээлэл өгсөн юм.
Ташрамд дурдахад, Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарыг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэээд байгаа юм.