Европын холбооны “топ” дипломатч Жозеп Боррел тэргүүтэй гадаад хэргийн сайд нар Украины нийслэл Киевт энэ сард цугласан. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай мөр зэрэгцэн зогсохдоо Ж.Боррелл энэ айлчлалыг "түүхэн үйл явдал" хэмээн цохон тэмдэглэсэн юм. Энэ үеэр Ж.Боррел “Украин хэзээ нэгэн цагт тус холбооны гишүүн болно. Бид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй гэдгээ илэрхийлж, дэмжлэг үзүүлэхээр энд ирлээ" гэсэн юм. Ийнхүү ЕХ-ны гадаад хэргийн сайд нар Европын холбооны хилээс гадуур анх удаа Киевт энэ сард цугласан юм.
Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок ирэх өвлийн саруудад Оросын бөмбөгдөлтөөс хамгаалах "хамгаалалтын бамбай"-ыг Украинд санал болгох тухай ярьсан нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх гэсэн утга агуулга илэрхийлснийг хэвлэлүүд онцолжээ.
Мөн Францын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колонна ОХУ-д хандаж "Биднийг ядарч туйлдсан гэж бүү бод. Бид удаан хугацаанд байсаар байх болно" гэж анхааруулав. Орос, Украины дайн эхэлснээс хойш 18 сарын хугацаа өнгөрч буй. Украины тал энэ оны зургаадугаар сард сөрөг довтолгоогоо эхлүүлсэн ба аль нэг талд үнэмлэхүй ялалт ирэлгүй, талуудын мөргөлдөөн эцэс төгсгөлгүй үргэлжилсээр буй. Европын холбооны хувьд Украины талд зогсохоо анхнаасаа тодорхой илэрхийлсэн. Тус холбооны институциуд болон засгийн газрууд Украинд 130 тэрбум евро буюу 136.4 тэрбум ам.долларын цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амласан. Мөн “Kiel Institute for World Economy” судалгааны байгууллагын мэдээлснээр Герман улс л гэхэд 20 тэрбум евро дангаараа амласан байна.