ХАМАС бүлэглэл Израилийн барьцааны ахмад настай хоёр иргэнийг суллалаа. Гэхдээ тэдний нөхрүүд нь барьцаанд байгаа хэвээр юм. Ингэснээр ХАМАС бүлэглэл нийт дөрвөн иргэнийг сулласан байна. Өнгөрсөн баасан гарагт Америк, Израил гаралтай ээж, охин хоёрыг мөн сулласан юм. Израилийн зүгээс ХАМАС-ын барьцаанд 200 гаруй иргэн байгааг бататгаад буй. Энэ удаа суллагдсан хоёр эмэгтэйн нэг нь 85 настай ба амьсгалын аппарат зүүдэг нэгэн байжээ. Түүний охин аавыгаа болон бусад барьцааны иргэдийг гаргаж авахад төвлөрөн ажиллаж байгаа талаараа мэдэгдэл хийсэн юм.
Газын зурваст мөн нэмэлт 20 ачаа тээвэр дүүрэн хүмүүнлэгийн тусламж нэвтэрлээ. Гэсэн ч хүнс, ус, шатахууны нөөц тус бүсэд маш бага байгааг НҮБ-аас мэдээлсэн байна. 500 гаруй хүний амь насыг авч одсон Газа хотын Ал Ахли хотод эмнэлэгт гарсан дэлбэрэлтийн асуудал ч мөн тодорхойгүй хэвээр байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Их Британийн ерөнхий сайд Риши Сунак тус эмнэлэг рүү Газа хотоос буюу дотроосоо цохилт өгсөн гэсэн юм. Британийн тагнуулын албанаас авсан мэдээлэл дээрээ үндэслэн Риши Сунак ийм тайлбар хийсэн. Хамас бүлэглэлийн хувьд эмнэлгийн цохилтод Израилийн батлан хамгаалах хүчнийг буруутгаад буй бол Израилийн тал Палестины “Исламын Жихад” бүлгийг буруутгаж буй. Их Британийн зүгээс мөн Палестины эзлэгдсэн бүс нутгууд дахь энгийн иргэдэд туслах зорилгоор 20 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээр болжээ.