Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Израильд айлчиллаа. Тэрбээр Ойрх Дорнодын орнуудaар хоёр хоногийн айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа юм.
Газардсан даруйдаа тэрбээр Израилийн эрх баригчидтай уулзаж, 10-р сарын 7-ны халдлагад “Хамас” бүлэглэлийг буруутгалаа. Мөн Их Британи Израиль улстай хамт гэдгийг илэрхийлсэн байна. Израильд Мягмар гарагт Германы канцлер Олаф Шольц айлчилсан бол Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден айлчилж, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхээр болсон.
Харин пүрэв гарагт Их Британийн ерөнхий сайд айлчилсан бол ирэх өдрүүдэд Францын ерөнхийлөгч Э.Макрон айлчилна гэх мэдээлэл байна. Барууны орнуудын томоохон удирдагчид ийнхүү мөргөлдөөнд Израилийн талд байгаа гэдгээ ээлж дараалан нотолж буй. Байденыхаас бусад айлчлал нь тодорхой үр дүн бий болгоогүй байгаа ч ийм цагт биеэр айлчлах нь маш чухал “дипломат үйлдэл” гэдгийг шинжээчид онцолж байна.
Энэ зуур Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжинд болж буй “Бүс ба зам” чуулганы үеэр Египетийн ерөнхий сайдтай уулзаж, гал зогсоохыг дэмжиж буйгаа хэлсэн. Хятадын хувьд мөргөлдөөнд “Хамас” бүлэглэлийг буруутгаагүй ч энгийн иргэдийн эсрэг халдлагыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ зуур Газын зурвас дахь иргэдийн байр байдал хүнд хэвээр байна. Хэдий АНУ-ын ерөнхийлөгч тус бүс нутаг руу Египеттэй хиллэх “Рафах” хянан шалгах цэгээр 20 ачааны тээвэр бүхий тусламжийг эхний ээлжинд нэвтрүүлнэ гэсэн ч асуулт их хэвээр байна.
Тодруулбал, Израилийн зүгээс эдгээр хүмүүнлэгийн тусламж Рафах хянан шалгах цэгийн ойролцоох ал-Маваси-д ирнэ гэсэн юм. Гэвч байнгын агаарын цохилтод өртөж байгаа Палестинчууд хэрхэн тэр цэг рүү хүрэх вэ гэдгийг хэвлэлүүд тодотгож буй. Мөн энэ тусламжийг “хамас” бүлэглэлийнхний гарт алдахгүй гэсэн баталгаа байхгүйг шинжээчид хэлж байна. Угтаа энэ 20 тээвэр хүмүүнлэгийн тусламж саадгүй хүрвэл дараа дараагийн тусламжууд тус бүс нутагт нэвтрэх боломжтой юм. Одоогоор зөвхөн ус, хүнс, эмнэлгийн тусламж багтаж байна. НҮБ-аас тус бүс нутагт шатахуун мөн яаралтай хэрэгтэй гэдгийг дахин санууллаа.