ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун БЗС-гаас зээлсэн 72 мянган ам.долларын эргэн төлөлтөө өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Өрөг.мн сайтын сурвалжлах баг хагас жилийн өмнө түүнээс яагаад зээлээ төлөхгүй байгаа талаар тодруулах гэж оролдоход, “зээлээ төлөх эсэх нь миний эрхийн асуудал, хувийн орон зайд минь битгий халд” гэж мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна гээд мөн хагас жилийн нүүрийг үзлээ.
Бид дахин БЗС-гаас энэ асуудлыг тодруулахад зээл, тэтгэлэг аль нь болохыг шалгаж байгаа. Зээл гэдэг нь тогдоогдвол эргэн төлүүлнэ. Тэтгэлэг гэдэг нь тогдоогдвол таван жил ажилласан эсэхийг нь харгалзаж чөлөөлнө гэж тайлбарлав.
Мөн гадаад болон дотоод зээлийн эргэн төлөлтийн талаар БЗС-гийн мэргэжилтнүүдээс тодрууллаа. Энэ талаар Зээлийн эргэн төлөлт хариуцсан мэргэжилтэн Ө.Батмандах дараах мэдээллийг өгөв.
Тэрээр, “Өнөөдрийн байдлаар гадаад зээлийн нэг сая 92 мянган ам доллар эргэн төлөгдсөн байна. Хавар БЗС-гийн мэдээлэл олон нийтэд цацагдсанаас хойш зээлүүд маш сайн төлөгдсөн. 2022 оны байдлаар 252 мянган ам долларын зээл эргэн төлөгдөж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар зээлийн эргэн төлөлт мөн үеэс дөрөв дахин нэмэгдсэн байна. 2010 оноос дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцсан оюутнуудын Монгол Улсад ажилласан таван жилийг үндэслэж нэг ч зээл, тэтгэлэг чөлөөлөөгүй. Манай дээр барьцаа үл хөдлөх хөрөнгүүд нь бүгд байгаа. Нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан оюутнуудын зээлийг чөлөөлөх, хөнгөлөх асуудал бий. Хөнгөлөх, чөлөөлөх асуудал яригддаг учраас яг хэдэн төгрөгийн авлагатай талаар нарийн тооцоо гараагүй байгаа.
Х.Намууны тухайд хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Зээл нь бол төлөгдөөгүй. Тэтгэлэг юм уу, зээл гэдгийг нь хууль хяналтын байгууллага шалгаад, зээлийг нь эргэн төлүүлэх, тэтгэлэг байвал Монгол Улсад ажиллаад таван жил болсны дараа чөлөөлөгдөх асуудал яригдана. ЭЦА, АТГ-аас зээлээр суралцсан бүх хүнийг дуудаж мэдүүлэг байцаалт авч байгаа” гэв.
Харин бид дотоод зээл буюу Оюутан хөгжлийн зээлийн эргэн төлөлтийн талаар Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Базардаргиагаас тодрууллаа.
Тэрээр, “Өнөөдрийн байдлаар Оюутан хөгжлийн зээлийг 25 мянган оюутанд олгосон. Ингэхдээ 80.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа. Энэ зээлийн бусад зээлээс ялгагдах зүйл нь юу гэхээр, оюутнууд маань төгссөнийхөө дараа ажлын байран дээр гарч байж зээлээ төлөх боломжтой. Графикийн дагуу зургаан жилийн дотор хуваагаад төлдөг гэсэн үг. Оюутнуудын авсан зээл Монгол банкны мэдээллийн санд нийлүүлэгддэг. Тиймээс төгссөнийхөө дараа гаргаад өгсөн хуваарийн дагуу зээлээ төлөөд явдаг. Зээлийн эргэн төлөлт сайн байгаа.
Зээлээ төлөөгүй байгаа, өөрөөр хэлбэл 2021 онд төлөх байж байгаад 2023 он хүртэл төлөөгүй бол, тухайн хугацааныхаа зээлийг нэг дор төлөөд муу зээлийн ангилалаас гарч болно” гэлээ.