Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимээс БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ АЛАХ БОЛОН ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ОНОГДУУЛЖ БУЙ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ-г судалж, 2019 онд тайлан гаргажээ.
Тайланд дурдсанаар, 2017 онд гэмт хэргийн улмаас 127 хүүхэд нас барж, 745 хүүхэд гэмтэж, 187 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон байна. Уншигч та бүхэнд судалгааны үр дүнд үндэслэсэн дүгнэлтийг танилцуулъя.
- Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих эсхүл цаазаар авах ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байгаа нь ялын бодлого 7.95 жилээр зөөлөрсөн байна.
- 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогыг 2015 оны Эрүүгийн хуультай харьцуулан үзвэл нэг удаагийн үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 4.75 жилээр зөөлөрчээ.
- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 1,5 жилээр чангарсан, удаа дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 3.7 жилээр суларч, бүх насаар хорих ял оноогоогүй, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулсан хорих ялын бодлого 4.4 жилээр чангарсан байна.
- Нийт оногдуулсан ялын бодлогыг авч үзвэл, хорих ялын бодлого 0.7 жилээр чангарсан, цаазаар авах ялын орлуулан хэрэглэхээр хуульчилсан бүх насаар хорих ялыг хэрэглээгүй байна.
- 2015 оны Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан, хүчиндсэн бол зүйлчлэлийн хувьд хүндрүүлэхээр заасан боловч шүүхийн практикт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн зарим тохиолдолд хохирогч гомдолгүй, хохирлыг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн гэж тухайн зүйл, хэсэгт заасан харьцангуй хөнгөн ялыг оногдуулах хандлагатай байна.
- Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг давтан үйлдэгдэх, удаан хугацаанд үргэлжлэх шалтгаан, нөхцөл болж байна. Нөгөө талаар хохирогч хамгааллын асуудал тулгамдсан хэвээр байна.
- Шүүгч, прокурор, мөрдөгчидтэй хийсэн фокус ярилцлагын үр дүнгээс үзэхэд, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хяналт тавих, шүүхээс хянан шийдвэрлэхэд хууль ёсны төлөөлөгчийг бодитойгоор тогтоох, нотлох баримтыг устгах, нотлох баримтгүй болгох, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тогтоох, бага насны хүүхдээс тайлбар мэдүүлэг авах аргачлал тогтоогүй, хохирогч хэргийн бодит байдлыг тайлбарлаж чаддаггүй, өмгөөлөгч олдоггүй, хохирогчийн аюулгүй байдлыг хангах зэрэг хүндрэл, бэрхшээл тохиолддог болох нь харагдаж байна.
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл:
- Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй орчин,
- Эцэг эхийн хара хяналт сул байдал,
- Хүүхэд хамгааллын тогтолцоо бүрэн бүрдэж, үйл ажиллагаа нь оновчтой бус
- Ахуйн хүрээний архидалт,
- Нийтийн сүлжээний хяналтгүй байдал
- Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (боловсролын түвшин, эрхэлсэн ажилгүй, хувь хүний төлөвшил, ёс суртахуун),
- Хохирогчийн гэнэн итгэмтгий зан зэрэг байна.